Дугуйн спортын тамирчдын тэсвэр тэвчээр, ур чадварыг сорих “Tour of Mongolia” уралдааны 26 дахь удаагийн тэмцээнд оролцогчид өчигдөр Говь-Алтай аймгийн төв Алтайгаас гараагаа эхэлсэн. Тэд өчигдөр Шаргын говийг туулаад, өнөөдөр Ховд аймгийн нутагт явж байна. Тамирчид маргааш Ховд аймгийн төвд очно.
Эг уралдаанд оролцогчид очсон газар бүртээ BMX, trail дугуйн үзүүлбэр, баланс байк 4-5 нас, мөн 10-12, 13-14 насны охид, хөвгүүдийн дунд зохион байгуулах дугуйн тэмцээн зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор болж буй энэ удаагийн тэмцээнд Монголын шилдэг элит, өсвөр үеийн дугуйчид 6 өдрийн турш нийт 603 км замыг баруун дөрвөн аймгаар тойрч уралдана. “Tour of Mongolia” бол Монголын дугуйн спортын хамгийн том, хамгийн нэр хүндтэй тэмцээн юм.
• 8-р сарын 12 – Говь-Алтай аймаг, Алтай
• 8-р сарын 14 – Ховд аймаг, Ховд
• 8-р сарын 16 – Увс аймаг, Улаангом
• 8-р сарын 21 – Завхан аймаг, Улиастай