Монгол Улс 70 дахь удаагийн математикийн олон улсын олимпиадыг (IMO-г) 2029 онд эх орондоо зохион байгуулах албан ёсны эрхээ авлаа. Австрали улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо Олон улсын математикийн олимпиадын (IMO) Удирдах зөвлөл, 110 улсын багийн ахлагч нарын хамтарсан хурлаар уг шийдвэрийг гаргажээ.
Манай улс 1964 оноос хойш IMO-д оролцож эхэлсэн. Монголын Математикийн Олимпиадын Хороо (ММОХ)-ны олон жилийн хүчин чармайлтын үр дүн, Монгол Улсын Засгийн газар, МУИС, Монголын Математикийн Нийгэмлэг, Монголын Банкны Холбоо болон хувийн хэвшлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр ийн эх орондоо олон улсын олимпиадыг зохион байгуулахаар болж байна.
