“Уудам уудам гэх энэ орчлонд уйлах газар ч олдохгүй юм” гэж ярьдаг. Завгүй энэ амьдралд хаана, хэзээдээ уйлах билээ. Өглөө ажилдаа явна, орой харина. Бүгд л нэг ийм цикль дунд амьдарч байгаа. Ирээдүйн зорьсон зорилго, хүссэн мөрөөдөл бий учраас л түүнийхээ төлөө ажиллана. Бүх л өдөр жаргалтай, ажил дардан бүтнэ гэж юу байхав, хааяа гуниглах зүйл бишгүй л гарна. Хэн нэгэнд гоншигнож гүйх нь бусдад төвөг болно гэж бодсоноос гомдсон гомдлоо дотроо хадгалж удаан хугацаанд явах нь бий. Түүнээсээ болж стресстэнэ. Тиймээс ямар ч шалтгаантай байсан хааяа зүгээр л уйлаарай. Хэн нэгнээс нуугдаж биш, хэн нэгэнд ил харагдаж биш. Өөрт тухтай газраа бодлоо цэгцэлж уйлмаар бол уйлж, гунигламаар байвал гуниглаарай. Бид робот биш шүү дээ. Сэтгэл хөдлөлөө нулимсаараа илэрхийлж чаддаг цорын ганц бодьгал бол хүн төрөлхтөн. Уйлахгүй гэж хичээсээр, нулимсаа барьж тэвчсээр байгаад нэг л мэдэхэд та уйлж чадахаа больж мэдэх юм. Уйлна гэдэг нь нэг бодлын эдгэрэл, эрх чөлөө. Бүх хэцүү зүйлсийг гадагшлуулаад, өөрийгөө анагааж буй нэг хэлбэр юм. Уйлах нь ичих зүйл биш. Сонирхуулахад, эмэгтэйчүүд эрчүүдээс тав дахин илүү уйлж нулимсаа гаргадаг учраас дунджаар долоон жилээр урт амьдардаг гэнэ. Мөн долоо хоногт ядаж ганц удаа уйлбал стрессгүй амьдрах боломжтой гэсэн сонирхолтой судалгаа байдаг аж.
Д.ОТГОНТУЯА