Улаанбаатараас зугтах нь өлзийтэй дэг ээ


“ДЦС 3”-ынхаа турбингенераторуудыг ээлжлэн ажиллагаанаас гаргаж байгаа эрчим хүчнийхэн ирэх өвөл Улаанбаатар хотын иргэдийг цахилгаантай, дулаан өвөлжүүлнэ гэдэг баталгаа байхгүй. 6-р сарын 1-2-нд шилжих шөнө генераторуудаа бүрэн зогсоох явцад осол гарч, 9-р турбингенератор шатсан. 7-р турбингенераторыг Салбарын хяналтын газар ослоос сэргийлж зогсоосон. Үндсэндээ 75 МВт-ын хүчин чадалтай 2 турбин одоогоор ажиллагаанаас гарчхаад байна. Үүний горыг ирэх өвөл улаанбаатарчууд хамтдаа хүртэнэ. Тодорхой.

“ДЦС 3” 13 зуух, 9 турбин, 1100 ажиллагсадтай. Төвлөрсөн эрчим хүчний системийн 13%, Улаанбаатар хотын дулааны 32%, үйлдвэрийн уурын 47%-ийг хангадаг. Тус станц 12 МВт-ын 4 турбин, 25 МВт-ын 4 турбин, 50 МВт-ын 1 турбингенератортой байлаа. Нийт 9 турбинээр 198 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Үүнээс 50 МВт-ын цахилгаан үйлдвэрлэдэг генератор шатаж, 50 МВт цахилгаан, 100 Гкал/цаг дулаан байхгүй боллоо. Энэ станц ийн 148 МВт-ынх болсон. Үүн дээр нэмээд 7-р турбиныг зогсоосноор 25 МВт цахилгаан байхгүй болоод байгаа юм.  

Энэ станцын 9 турбиний 8-ыг нь ашиглах хугацаа дууссан. Хугацаа нь дуусаагүй, хамгийн “шинэ” турбин нь дэлбэрчихсэн. Зуухнуудынх нь дотор тал нимгэрээд, хэзээ мөдгүй осол гарахад бэлэн болсон. Үүнийгээ эрчим хүчнийхэн металлын ядаргаа гэж нэрлэдэг аж. Товчхондоо “ДЦС 3” архаг ядаргаанд оржээ.

Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цахилгааныг ирэх өвөл хэсэгчлэн хязгаарлана. Яг л өнгөрсөн өвлийнх шиг

Хамгийн аймаар нь энэ станц ганцаараа архаг ядаргаанд орсон юм биш. Амгалан дулааны станцаас бусад нь, Улаанбаатарт байгаа 4 станцын 3 нь ийм болчихсон. Эрчим хүчнийхэн үүнийг мэдэхийн дээдээр мэддэг ч засаж, шинэчилж, сольж чадахгүй л явна. Өвчтөн нь үхэж байгааг мэдсээр байж аврахгүй, эмчлэхгүй байгаа эмч шиг. Хагалгаа хийх багаж, эм, тариа байхгүй. Гэвч эрчим хүчнийхэн аргалсаар, болгосоор ирсэн ч болохгүй, барахгүйдээ тулчхаад байна.

Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас одоо 27 нь ажиллаж, 18 нь бэлтгэлд байгаа аж. 24 зуухыг засаж байна. Ирэх өвөл 12 дугаар сард 1800 МВт цахилгаан хэрэгтэй гэсэн тооцоог Эрчим хүчний зохицуулах хороо гаргажээ. Өнгөрсөн өвлийн оргил ачаалал 2024.12.22-нд 1614 МВт хүрсэн. Хязгаарлаад байхад л энэ. Үүнээс үзвэл айсуй өвөл тооцож буй эрчим хүчийг өлхөн хэрэглэнэ.

Цахилгааныг ч яах вэ, ээлжилж таслаад, гадаадаас худалдаж аваад болгодог юм байж. Дутсан дулаанаа яах юм бол?

Өвөл шаардлагатай цахилгааны 1197 МВт-ыг дотоодын ДЦС-уудаас, 160 МВт-ыг батерей хуримтлуураас, 30 МВт-ыг салхин станцаас хангаж, 300 МВт-ыг гадаадаас худалдаж авах нь. Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай 2-р блокийг, Сэлэнгэ аймгийн төвд барьж буй 70 МВт-ын ДЦС-ыг 12-р сард ашиглалтад оруултал Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлана. Яг л өнгөрсөн өвлийнх шиг.

Цахилгааныг ч яах вэ, ээлжилж таслаад, гадаадаас худалдаж аваад болгодог юм байж. Дутсан дулаанаа яах юм бол? Гадаадаас авах боломжгүй. Хороолол, хотхоноор нь ээлжилж дулаан өгнө гэвэл хөлдөх л байх даа. Бид чинь Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдардаг шүү дээ.

Тиймээс Засгийн газар энэ оны улсын төсвийг тодотгохдоо Эрчим хүчний сайдын багцад 8.5 тэрбум төгрөг нэмж, зарцуулах эрхийг нь БЭТ-д өгсөн. Гэвч “ДЦС 3”-т шинэ турбингенератор суурилуулахад 24-36 сар болно. Инженер, техникийн ажилтнуудыг 24 цагаар 3 ээлжээр ажиллуулаад, хамгийн богинодоо 2 жил. Тэгэхээр ирэх өвөл Улаанбаатарыг хөлдөөхгүйн тулд 11-р сарын 1-нээс өмнө 50 кВт/цаг дулаан нөхөж үйлдвэрлэх нь үүрэг “ДЦС 3”-т хүлээлгэжээ. Болох л юм байлгүй. Гэсэн ч дахиад ийм хэмжээний дулаан дутна. Үүнийг “ДЦС 4”, Амгалан дулааны станцаар үйлдвэрлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сайд, дарга тушаах амархан. Инженер, техникчид түүнийг биелүүлэх хэцүү. Өнөө ядаргаанд орсон техникүүд нь үг сонсох уу?  

Улаанбаатар хотын станцуудын үйлдвэрлэх дулаан:

• ДЦС-2 60 Гкал/цаг;

• ДЦС-3 585 Гкал/цаг;

• ДЦС-4 1373 Гкал/цаг;

• Амгалан дулааны станц 400 Гкал/цаг;

Эдгээр 4 станц нийлээд, цаг тутамд хүчин чадлаасаа 1140.1 Гкал дулаан илүү үйлдвэрлэж, ачааллаа 60%-иар хэтрүүлэн ажилладаг. 2015 оноос эхлэн станцууд суурилагдсан хүчин чадлаасаа илүү их дулаан үйлдвэрлэх шаардлагатай болж, ачааллаа жилээс жилд хэтрүүлсээр ирлээ. Тэгэхгүй гэвэл Улаанбаатарын оршин суугчид хөлдөнө. Ачааллыг нь хэтрүүлсээр байтал эхнээсээ дэлбэрчихсэн шүү дээ. Гэтэл хотын хэрэглэгчдийн хэрэглэх дулаан улам нэмэгдсээр…   

Улаанбаатар хотын иргэдийн хэрэглэж буй дулааны хэмжээ

  • 1990 он – 1252 Гкал/цаг
  • 1995 он – 1571 Гкал/цаг
  • 2000 он – 1639 Гкал/цаг
  • 2005 он – 1817 Гкал/цаг
  • 2010 он – 2132 Гкал/цаг
  • 2015 он – 2352 Гкал/цаг
  • 2020 он – 3107 Гкал/цаг
  • 2023 он – 3374 Гкал/цаг
  • 2024 он – 3558 Гкал/цаг

 Ингээд харвал ирэх өвөл ээ дээ Улаанбаатараас зугтах нь өлзийтэй дэг ээ.  Утаа, түгжрэлээ бодсон ч…


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *