Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 8 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ныг дуустал байнгын болон хөдөлгөөнт эргүүл гаргаж, хүн мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулахаар өнөөдөр нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэлээ. Өнөөдөр НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр хяналт шалгалтыг хамтран зохион байгуулах мэргэжлийн байгууллагуудад холбогдох чиглэл хүргэж, бэлтгэл ажлыг танилцуулав.
Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба, Байгаль орчны газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар 2024 оны 8 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоонд 62 хоног 24 цагаар ажиллажээ. Үүнд давхардсан тоогоор 3100 ажилтан гүйцэтгэж, нийт 112.600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ. Тэд 70 удаагийн үйлдлээр 291 тарваганы мах илрүүлж, зөрчил гаргасан 79 этгээдийг 23.5 сая төгрөгөөр торгон, 139.4 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлжээ.