Хэт чанга дуу чимээтэй, стандартын бус дуут дохио хэрэглэж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийг нийслэлийн ИТХ-ын даргын А/190 захирамжаар байгуулжээ. Ажлын хэсгийг төлөөлөгч Г.Батсайхан ахалж байна. Тус ажлын хэсэг НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар, О.Зундуйдорж, Газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхбаатар, Тээврийн цагдаагийн албаны дэд дарга бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, дэд хурандаа С.Галбадрах, ЗХУТ-ийн захирал Ч.Хувьзаяа зэрэг 11 хүний бүрэлдэхүүнтэй.
Ажлын хэсгийн хурлаар НИТХ-ын дарга А.Баяр “Хотод дрифт хийж, чанга дуу чимээ гаргаад байгаа явдлыг таслан зогсоохын тулд хотоос гадна буюу Налайх, Эмээлт, Төв аймагт дрифт хийх боломжит газруудыг судлах чиглэл өглөө. Дрифт хийх сонирхолтой иргэдийн эрхийг хүндэтгэнэ. Хүслийг нь хааж боож болохгүй” гэв.