Казахстан улсын Шимкет хотод буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 15-30-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 25 тамирчин оролцох гэж байна.
Насанд хүрэгчдийн ангилалд 13 тамирчин цэц сорих бөгөөд урт бууны дасгалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа, О.Есүгэн, Т.Золжаргал, Т.Гантуул, Т.Баярмаа, А.Буяндэлгэр нар өрсөлдөх бол гар бууны дасгалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, Т.Баярцэцэг нар оролцоно.
Мөн өсвөр үеийнхний ангилалд 11, залуучуудын ангилалд 1 тамирчин оролцоно. Баг тамирчдын түрүүч өнөөдөр Казахстан улсыг зорив.
Монголын буудлага спортын Ази тивийн анхны медалийг 1987 онд Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат сонгомол гар бууны 50 метрийн дасгалд (хүрэл медаль) хүртэж байв. Түүний хувьд Ази тивээс хүрэл медаль хүртсэнээр зуны олимпын наадамд буудлага спортын төрлөөр оролцох эрхийг албан ёсоор авсан анхны монгол тамирчин болсон билээ.
Харин буудлага спортын багийн төрөлд Ази тивийн анхны медалийг 1987 онд Л.Ундралбат, Т.Мягмаржав, Г.Баасанцэрэн нар хүртсэн бол Ази тивийн анхны алтан медальтан нь Д.Мөнхбаяр (1991 он) юм.