“Хар жагсаалт”-ыг 9-р сарын 1 гэхэд хална


Зээлийн мэдээллийн тухай хуульд УИХ энэ оны 5 дугаар сарын 16-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Одоо уг хуулийг хэрэгжүүлэх журам болон зээлдэгчид өгөх онооны системийг Монголбанк батална. Ингэснээр “Хар жагсаалт”-ыг халж, зээлдэгчдэд зэрэглэл тогтоодог болох юм.

Энэ хуулийг хэрэгжихийг “Хар жагсаалт”-д нэр нь бичээстэй 70 мянган хүн хүлээж байна. Хууль батлагдаад 2 сар гаруй болж байхад Монголбанк журмаа гаргаагүй, Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэхгүй байна. Иймд уг хуулийг санаачлагч УИХ-ын Н.Батшугар Монголбанканд шаардлага хүргүүлжээ. Үүний дагуу Монголбанк холбогдох журмыг энэ сард гаргаж, ирэх 9 дүгээр сарын 1 гэхэд хэрэгжүүлэхээр болсон байна.

Монголбанк 1997 онд Зээлийн мэдээллийн санг үүсгэн байгуулсан. Уг сан бол иргэдэд арилжааны банкууд зээл олгохдоо анхаардаг гол шалгуур үзүүлэлтийн нэг юм.

Уг санд мэдээлэл нийлүүлэх, мэдээлэл хүлээн авах эрхтэй 600 орчим аж ахуйн нэгж байгаа аж. Үүнд арилжааны 12 банк, банк бус санхүүгийн 436 байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд, үүрэн холбооны операторууд багтдаг. 2025 оны байдлаар 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг энд хадгалж байна.

Одоо аппликэйшний зээлээ цаг тухайд нь төлөөгүй гэдэг шалтгаанаар олон хүн “Хар жагсаалт”-д орж байгаа юм. Зээлийн мэдээллийн санд хэрэглэгчийн зээлээс гадна тухайн хэрэглэгчийн гэрээгээр хүлээсэн өр төлбөр, авлага ордог.

Нэгэнт “Хар жагсаалт”-д багтсан бол 6 жил зээл авч чадахгүй болдог. Авсан зээлээ бүрэн төлснөөс хойш шүү дээ. Ийм олон жил “Хар жагсаалт”-д байх нь санхүүгийн чадамж муутай, зээлээс зээлийн хооронд амьдардаг монголчуудад маш хүнд тусдаг.

Тэгвэл Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн чадавхыг үнэлэх зорилгоор ашиглана. “Хар жагсаалт” гэж байхгүй болно. Зээлдэгч зээлээ төлөөд явбал оноо нь өснө, төлөхгүй бол оноо нь буурна. Зээлээ төлж эхлэхэд эргээд оноо нь өснө. Үүнийг дагаад чанаргүй зээлийн хэмжээ буурна гэж УИХ-ын гишүүд үзэж, уг нэмэлт өөрчлөлтийг баталсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *