Дэлхийд өнөөдөр шатрын спортоор 600 сая гаруй хүн хичээллэдэг, тоглодог гэсэн судалгаа бий. Оюуны спортын оргил, хаадын тоглоом, ухаантны наадгай гэгддэг шатрын гарал үүслийг өөртөө наахыг эртнээс нааш олон улс хүсэж, хичээж ирлээ. “Шатрын эх нутаг хаана вэ” гэдэг асуултын хариулт маргаантай хэвээр байгаа ч шатар Монголоос үүсэлтэй байж болох түүхэн баримт, соёлын олдвор бидний эх оронд цөөнгүй бий.
Монгол нутгаас олдсон хамгийн эртний шатрын хөлөг, дүрсүүд Хүннүгийн үед холбогдоно. 2000 жилийн өмнө Хүннүгийн язгууртнууд шатар тоглодог байсныг нотлох олдвор Архангай аймгийн Хайрхан сумын Голмод гэдэг нэртэй дурсгалт газарт байгаа Хүннүгийн язгууртны оршуулгаас олдсон юм. Энэ бол одоогоор Монголын нутгаас, Дэлхийгээс олдоод байгаа хамгийн эртний шатар. Үүнээс өмнө олон улсад шатрыг 1500 жилийн өмнө үүссэн гэж үздэг байв. Тэгвэл 2000 жилийн өмнөх шатар олдчихлоо. Энэ бол шатар хүннү нараас үүсэлтэй болохыг нотолж буй нэг баримт юм. Зарим судалгаагаар VI–VII зууны нүүдэлчдийн булшнаас шатрын төрлийн дүрс, хөлгийн үлдэц илэрсэн байдаг. Археологичид эдгээрийг нүүдэлчдийн байнга авч явдаг жижиг эвхэгддэг шатрын хөлөг байсан гэж тайлбарладаг.
Зарим түүхчид шатар Энэтхэгийн чатуранга тоглоомоос гаралтай ч нүүдэлчдийн нутагт ирээд онцгой хөгжиж, морин соёлтой Монголд илүү төгөлдөржин, Дэлхийд тархсан гэж үздэг. 13-р зууны үеийн Перс, Арабын эх сурвалж бичгүүдэд “Төмөр морьтой, хүчтэй цэргийн ард түмэн шатрын хосгүй эрдэмтэй” хэмээн тэмдэглэсэн нь монголчуудыг хэлж буй байх магадлал тун өндөр гэжээ.
Мөн манай улсад шатрын ховор үнэт олдвор, үзмэр зөндөө бий. Жишээлбэл: Монголын үндэсний музейд Чингис хааны үеийн гэж тэмдэглэгдсэн чулуун морь, тэрэгний дүр бүхий шатрын модон дүрс, Хархорумын малтлагаас олдсон гараар хийсэн цагаан шаазан морь, бэрс, ноёд байдаг. Эдгээр нь шатар Монголоос үүсэлтэй гэдгийг нотлох өв соёлын үнэ цэнтэй дурсгалууд юм.
Хэдийгээр Дэлхийн шатрын холбоо (FIDE) шатрын гарал үүслийг албан ёсоор нэг улсад өгөөгүй ч түүхэн баримт, археологийн олдвор, соёлын өв зэргээс үүдэн Монгол улс “Шатрын үүсэл хөгжлийн орон” гэж Дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх боломж бидэнд байна.
Тэгвэл шатрын өлгий нутагт шатрын спорт цэцэглэж, шатарчид нь Дэлхийд гайхуулж байх ёстой биз дээ. Харамсалтай нь шатрын спортоор амжилт гаргасан тамирчдаа үнэлэх үнэлэмж Монголд дэндүү доогуур байна. Монгол шатарчид Ази болон Дэлхийн тэмцээнүүдэд тогтмол оролцож, олон амжилт гаргасаар ирсэн. Өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүдээс их мастер цолтой шатарчин Б.Гүндаваа, Ц.Батчулуун, С.Билгүүн, Д.Батсүрэн, эмэгтэйчүүдээс их мастер цолтой Б.Амина, Б.Түвшинтөгс, Д.Номин-Эрдэнэ, Ү.Үүрийнтуяа, Т.Мөнхзул, Б.Мөнгөнтуул нарын тамирчин бий.
Эмэгтэй шатарчдаас 2019 онд их мастер Т.Мөнхзул, 2023 онд их мастер Б.Мөнгөнтуул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс тус тус хүрэл медаль хүртэж байв. Харин энэ жил буюу 2025 оны шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд мастер Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртэж, манай улсаас анх удаа шатрын спортоор Азиас мөнгөн медаль хүртсэн түүхэн амжилтын эзэн болсон билээ. Гэсэн ч шатарчид ивээн тэтгэгчгүй, бэлтгэл сургуулилалтаа өөрсдийн хүчээр зохицуулж, тэмцээнд оролцох зардлаа хүртэл хувиасаа гаргадаг хэвээр байна.
Учир нь шатрын спортыг олимпын төрөлд багтаадаггүй. Тиймээс шатрыг Монголын төр ч, засаг ч үнэлдэггүй. Амжилтаа үнэлүүлэх, санхүүгийн дэмжлэг авах гэдэг ойлголт шатарчдын хувьд санах ч боломжгүй зүйл болчихсон.
Шатрын үндэсний шигшээ багийг 2020 онд сэргээсэн. Ингэж шатарчид сар бүр тогтмол цалин авахаар болсон. Гэхдээ тэдний сарын цалин 1.2 сая төгрөг. Үүнээс татвар шимтгэлээ хасаад, гар дээрээ 800-970 мянган төгрөгийн цалин авна. Өөр ямар нэгэн санхүүгийн дэмжлэг, туслалцаа шатарчдад байхгүй. Жилд 3-4 тэмцээний зардлыг улсаас гаргадаг. Гэвч мэргэжлийн тамирчдад жилдээ хэдхэн тэмцээнд оролцох нь хангалтгүй.
Олимп болон паралимпын тамирчид гаргасан амжилтаараа улсын төсвөөс сар бүр мөнгөн урамшуулал авч буй. Дээр нь цалингаа авчихна. Олимпын төрлийнх учраас ивээн тэтгэх, дэмжих байгууллага ч олон бий. Иймээс тэд санхүүдээ санаа зовохгүй тэмцээн, уралдаандаа ороод яваад байна.
Харин шатарчдад тийм боломж алга. Энэтхэгийн Шатрын холбоо (AICF) энэ оны 6 дугаар сард “Top National Players Stipend Scheme” (TNPSS) хөтөлбөр эхлүүлжээ. Энэ хүрээнд 7–19 насны шилдэг 42 шатарчинд улирал бүр 60,000–150,000 рупийн тэтгэлэг олгож байна. Уг тэтгэлгийг шатарчин хүүхдүүдийг дасгалжуулах, тэмцээнд оролцоход нь зориулж буй юм.
Их Британийн Засгийн газар 2023 онд 1.25 сая евро гаргаж, хүүхдүүдэд шатрын сургалт явуулах, тэмцээн зохион байгуулах, шатар худалдан авах зэрэгт зарцуулжээ. Мөн АНУ-ын Шатрын холбоо (USCF) нь их мастер (GM) цолтой тамирчдад жил бүр $35,000-ын тэтгэлэг олгодог.
Харин манай Монголд шатрын спортыг хөгжүүлэхэд төрөөс, холбооноос ч дөмөгхөн дэмжлэг алга. Сая хүрэхгүй үгүйтэй цалин нь бэлтгэл, сургуулилалт хийхэд нь хүрэлцдэггүй. Тэмцээний зардлаа өөрсдөө олох гэж тэд хүн царайчилж, гуйлга гуйж, санхүүгийн дарамтад орж, санаагаар унаж явна.
12,13,14 насны хүүхдүүд өсвөрийн Дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн тамирчидтай эн тэнцүү өрсөлддөг. Харин нас, түвшин ахих тусам санхүүгийн дэмжлэггүйгээс үүдэн спортоо орхидог. Энэ талаар шатарчид ч хэлж ярьсаар ирсэн. Гэтэл өдий болтол тэдний үгийг анхаарч авч үзсэнгүй. Шатар Монголоос үүссэн байна. Шатрын өлгий нутаг атал хэдэн шатарчдаа дэмжих боломж чадвар нь даан ч алга даа.