Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадна 7 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө болсон зодоонтой холбоотойгоор “Эрэл” компанийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нарыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2025.07.23-ны захирамжаар цагдан хориод байв.
Яллагдагч Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг согтуурсан, мансуурсан үедээ урьдаас үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж, 7-р сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж, халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Тэдний эл үйлдэлд нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “…оргон зайлах, …” гэж заасан үндэслэлээр яллагдагчаар 1 сар цагдан хорих арга хэмжээний авахуулахаар шүүхэд хандсан байдаг. Үүнийг дээрх шүүхийн ерөнхий шүүгч хүлээн авсан юм.
Гэвч Ц.Санжаачойпэлийн эрүүл мэнд муудсан гэдэг шалтгаанаар өмгөөлөгч нь шүүхэд хандан, түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж, батлан даалтаар гаргаад байна. Түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ. Үүнийг прокурор эсэргүүцэн, шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
“Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүүгийн өмгөөлөгч Э.Тэмүүлэнг мөн л ШШГЕГ-ын Цагдан хорих төвөөс суллуулахаар шүүхэд ханджээ. Шүүх уг саналыг хүлээн аваагүй байна. Тиймээс Э.Тэмүүлэнгийн өмгөөлөгч нь шүүгчийн захирамжид гомдол гаргаад байгаа аж. Уг гомдлыг Дүүргүүдийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх маргааш хэлэлцэхээр товложээ.
Уг нь цагдан хорих нь яллагдагч, шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зугтаалгахгүй, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулахад саад хийлгэхгүй, цаашид гэмт хэрэг шинээр үйлдэх бололцоо олгохгүй байх зорилготой.