ЕХ болон Их Британи, Канад, Австрали, Япон зэрэг дэлхийн 24 орны гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж, Газын зурваст үүсээд буй өлсгөлөнг зогсоох яаралтай арга хэмжээ авч, хүмүүнлэгийн тусламжийг хязгаарлалтгүй чөлөөтэй нэвтрүүлэхийг Израил улсад уриалжээ.
Мягмар гарагт гаргасан дээрх хамтарсан мэдэгдэлд “Газын зурваст үүсээд буй хүмүүнлэгийн хямрал санаанд багтамгүй хэмжээнд хүрлээ, өлсгөлөн бидний нүдний өмнө өрнөж байна, үүнийг зогсоох арга хэмжээг нэн даруй эхлүүлэх шаардлагатай байна” гэжээ.
Мөн олон улсын хандив тусламж, хүмүүнлэгийн байгууллагуудын тусламжийн ачааг Газын зурваст аливаа хязгаарлалтгүйгээр чөлөөтэй нэвтрүүлэх эрхийг олгож, хүмүүнлэгийн байгууллагуудын үйл ажиллагаанд тавьсан хоригоо цуцлахыг уриалсан байна.
Түүнчлэн Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг газраар саадгүй оруулахын тулд Газын зурваст гал зогсоох хэрэгтэй шаардлагатайг мэдэгдэлд дурьджээ.
Хэдийгээр Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн сарын сүүлээр олон улсын хүмүүнлэгийн тусламжийн цувааг нэвтрүүлэх аюулгүй замыг нээж өгсөн боловч Газын зурвас дахь ноцтой хүнсний хомстол үргэлжилсээр байгаа юм.
Газын эрүүл мэндийн яамны зүгээс мягмар гарагт 227 хүн өлсгөлөн, хүнс тэжээлийн дутагдлын улмаас амиа алдсаны 103 нь хүүхэд байсныг мэдээллээ.
Мөн хүнсний тусламжийг тараах цэгүүдийн ойролцоо Израилын цэргүүдэд буудуулж амиа алдсан хүний тоо 1800-г даваад байгааг Палестины холбогдох албаныхны зүгээс мэдээлж байна.
Гэвч Израил улс Палестины нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөснөө мэдэгдсэн тул хүмүүнлэгийн байдал улам дордож магадгүй юм.