“Counter Strike 2” тоглоомын 500.000 долларын шагналын сантай “BLAST Bounty Fall 2025” тэмцээний шөвгийн наймд “The MongolZ” өрсөлдөхөөр шалгарсан. Тэд урьдчилсан шатанд урилгаар оролцож ENCE болон paiN Gaming багуудыг хожиж, үндсэн тэмцээнд оролцох эрхтэй болсон.
Тэгвэл шөвгийн наймд Дэлхийн чансааны 7-дугаар байрт эрэмбэтэй “Aurora” баг “The MongolZ”-ыг амлан авч тоглохоор болжээ. Энэхүү тэмцээн өвөрмөц, шинэлэг дүрэмтэйгээр болж байгаагийн шалтгаан нь энэ юм. Учир нь доогуур чансаатай баг нь өөрсдөөгөө дээгүүр чансаатай өрсөлдөгчөө “амлах” эрхтэй. Ингэж “Aurora” баг нь “Vitality, MOUZ, Spirit, The MongolZ” гэсэн сонголтуудаас манай багийг сонгож тоглохоо мэдэгдээд байна.
Шөвгийн дөрөвт шалгарсан багууд ч мөн дүрмийн дагуу өрсөлдөгчөө сонгох болно.

Хоёр багийн тоглолт 8-дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 01:00 цагаас Бүгд Найрамдах Мальта улсын “BLAST Arena Studios”-д болох юм.