Монгол Улсын төмөр замын салбар анхны хибрид буюу хосолсон хөдөлгүүртэй зүтгүүрээ “Монголын төмөр зам” ТӨХК албан ёсоор хүлээн авлаа. Ашиглах хугацаа нь 2014 онд дууссан, ОХУ-д үйлдвэрлэсэн 2ТЭ116-2001 загварын зүтгүүрийг БНХАУ-ын мэргэжилтнүүд, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Зүтгүүрийн аж ахуйн хэлтэс хамтран иж бүрэн шинэчилж, орчин үеийн хосолсон хөдөлгүүрийн системээр тоноглосон байна. Үүнд 1 жил зарцуулжээ.

Уг зүтгүүр 440KW чадалтай 2 ширхэг батарей хөдөлгүүр болон 400KW чадалтай 2 ширхэг дизель хөдөлгүүрээс бүрдэнэ. Нийт 1680KW чадал гаргах бололцоотой аж. Үүний зэрэгцээ дизель хөдөлгүүр ашиглахгүйгээр батарей хөдөлгүүрээр бүрэн ажиллах боломжтой.

Хуучин зүтгүүрээ ийн шинэчилснээр өмнөхөөсөө 60–70 хувиар бага түлш зарцуулдаг болжээ. Энэ зүтгүүр хорт утаа ялгаруулдаггүй тул байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай. Энэ нь Монголын төмөр замын салбарт ногоон технологи нэвтрүүлэх чиглэлд хийсэн чухал алхам боллоо гэж төмөрзамчид үзэж байна.