Олон улсын удирдагчид хуванцар хог хаягдлын гэрээний асуудалд нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй тул хурлыг сунгажээ


Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын байранд зохиогдсон хуванцар хог хаягдлын асуудлаарх олон улсын хурлын төгсгөлийн өдөр буюу пүрэв гарагт оролцогч улс орны удирдагчид нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй тул хурлыг баасан гарагт үргэлжлүүлэхээр болсон байна.

Хуванцар хог хаягдлын эсрэг тэмцэхэд чиглэсэн, нийтээрээ дагаж мөрдөх үүрэг хүлээх олон улсын гэрээ конвенцыг байгуулахаар дэлхийн 185 орны удирдагчид 10 хоногийн хугацаанд хэлэлцсэн боловч нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүйгээс гадна хурлаас эерэг үр дүн гарах боломж тун хомс харагдаж байгаа талаар олон улсын хэвлэлүүд бичиж байна. 

Төгсгөлийн өдөр хурал өндөрлөхөөс 23 минутын өмнө яриа хэлэлцээг ахин нэг өдөр сунгаж, баасан гарагт хурлыг үргэлжлүүлэх шийдвэрт хүрсэн талаар хурлыг даргалагч, Хуванцар хог хаягдлын асуудлаарх олон улсын засгийн газар хоорондын яриа хэлэлцээний хорооны дарга Луис Ваяас Вальдивиесо мэдэгджээ.

Хуванцар хог хаягдлын эсрэг тэмцэх олон улсын хэлэлцээрийг байгуулах асуудлаар дэлхийн улс орнууд сүүлийн гурван жилийн турш хэлэлцэж байгаа ч өнөөдрийг хүртэл нэгдсэн тохиролцоонд хүрч чадахгүй байсаар байна. 

Зарим улс орнууд хуванцрыг үйлдвэрлэхэд ашигладаг хортой химийн бодисын хэрэглээг үе шаттайгаар зогсоохыг санал болгож байгаа бол зарим орнууд хуванцрын үйлдвэрлэлийн хэмжээг багасгах асуудлыг ярьж, бусад нь уг гэрээг үйлдвэрлэлд бус хуванцар хог хаягдлын зохицуулалт, дахин боловсруулалтын асуудал руу нь чиглүүлэхийг хүсэж байгаа гэх зэрэг эсрэгцсэн саналтай байгаа ажээ.

Одоогийн энэ эрчээрээ үргэлжилбэл хуванцрын үйлдвэрлэл 2060 он гэхэд жилд 1.2 тэрбум тонныг давж, улмаар хуванцар хог хаягдлын хэмжээ 1 тэрбум тонныг давах судалгааны дүнг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас танилцуулжээ.

Францын ерөнхийлөгч Э.Макрон хурлын үеэр минут тутамд 15 сая тонн хуванцар хог хаягдал далай тэнгист хаягдаж байгаа энэ цаг үед “Бид яг юу хүлээгээд юу ч хийхгүй байгаа юм бэ?” хэмээн улс орнуудаас асууж, бүхий л улс орнуудыг нэгдсэн тохиролцоонд хүрч, хэлэлцээрийг байгуулж батлахыг уриалсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *