Өнөө өглөө эцэг эхчүүдийн төлөөлөл Дэлхийн шилдэг их сургуульд тэнцсэн хүүхдүүдийг шударга шалгаруулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл Боловсролын зээлийн сангийн гадаадын зээл, тэтгэлгийн сонгон шалгаруулалтын талаар ажлын хэсэг өнөөдөр мэдээлэл өглөө.
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа:
-Боловсролын зээлийн сан 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд журмаа шинэчилж, батлуулсан. Энэ журмын дагуу сонгон шалгаруулалтаа зохион байгуулсан. Сонгон шалгаруулалт зарласан хугацаа буюу 5 дугаар сарын 23-наас 6 дугаар сарын 22-ны хооронд материал хүлээн авсан.
30 хоногийн хугацаанд материалаа хүлээж аваад, сайдын тушаалаар ажлын 3 хэсэг байгуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд буцалтгүй тусламж олгох ажлын хэсэг, Дэлхийн шилдэг Их сургуульд бакалаврын түвшинд суралцуулах ажлын хэсэг, ахисан түвшинд буюу магистр, докторт суралцуулах Засгийн газрын тэтгэлгийн ажлын хэсэг байсан. Журамд зааснаар Боловсролын яам, Боловсролын зээлийн сан, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, ТББ иргэдийн төлөөлөл гээд 13 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг ажилласан.
Сонгон шалгаруулалтын цахим системд материал ирж байх хугацаанд ажлын хэсгийн гишүүдээс хэн нь ч нэвтрээгүй. Материал хүлээн авч дууссаны дараа системд нэвтэрсэн. 1 суралцагчийн материалыг ажлын хэсгийн 2 гишүүн хянасан. Ажлын хэсгийн гишүүдээс 30 хувьд нь аудит хийсэн.