Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах гол төслийн нэг нь Туул гол дагуух хурдны зам. Уг замыг тавьж эхлэхээр бэлтгэлээ хангажээ. Уг замыг барих тендерт Хонконгийн “Хао-Юань групп” ХХК шалгарч, гэрээ байгуулсан байна.
Тус зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ, 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.878 метр урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөсөн буй.
Зам ашиглалтад орсноор Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувь, Сонсголонгийн гудамжийн ачаалал 5–17 хувиар буурна гэж нийслэл ЗДТГ мэдэгдээд байгаа юм.