Э.Саруул-Эрдэнэ: Тоглогчдын солилцоо наймааны зах зээлд агент асар их дутагдаж байгаа нь харагдлаа


“Хасын хүлгүүд” багаасаа буурь сэлгэж байгаагаа мэдэгдэж, чөлөөт агент болсон Үндэсний дээд лигийн хошой аварга Э.Саруул-Эрдэнэд олон баг санал тавьсан. Ингээд “Бишрэлт металл” баг түүнийг эгнээндээ нэгтгэсэн тухайгаа 8-р сарын 15-нд зарласан. Гэвч удалгүй “SG Apes” баг Э.Саруул-Эрдэнэтэй гурван жилийн гэрээ байгуулсан гэж мэдэгдэв. 

Үүнд сагсанбөмбөг сонирхогчид гайхширч, эргэлзэж байна. Аль баг нь түүнийг авсан нь одоогоор тодорхойгүй байна. Үүнтэй холбогдуулан, Э.Саруул-Эрдэнэ өнөөдөр тайлбар өглөө. Э.Саруул-Эрдэнэ:

-Монголын сагсан бөмбөг маань мэргэжлийн шат руу хурдацтай ахиж буй хөгжлийн энэ шатанд тоглогчдын солилцоо наймааны зах зээлд агентын хэрэгцээ асар их дутагдаж байгааг хувь тамирчин миний энэхүү тохиолдлоор илэрч харагдлаа. Юун түрүүнд үүсээд буй нөхцөл байдлаас болж “Бишрэлт металл” болон “SG-Apes” багийн өнгө төрх, нэр хүндэд сэв суулгасандаа тамирчин хүний хувьд чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.

Миний хувьд анх удаа чөлөөт агентын зах зээл дээр гарч буй нь энэ юм. Энэ үедээ хэт сэтгэл хөдлөл, хайхрамжгүй байдал, хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэргээс шалтгаалж. гарах эрсдэлийг тооцоогүйн улмаас болчимгүй алдаа гаргаж, ойлгомжгүй байдал үүсгэсэн билээ. Өмнө нь дэлгэгдсэн материалуудаас үзвэл хоёр талын хэн хэнд нь асуудал байгаа ч тэр бүгдийг олон нийтийн сүлжээнд дэлгэн нуршиж, спорт сонирхогчдыг талцуулахгүй байхыг миний бие хүсэж байна.

Иймд “Бишрэлт металл” багийн удирдлага, баг хамт олон болон нийт сагсан бөмбөг сонирхогчдоосоо чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Миний гаргасан энэхүү алдааг цаашид хэн нэгэн дахин бүү давтаасай.

“Бишрэлт металл” багтаа шинэ улиралд нь амжилтын дээдийг хүсье!


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *