Дэлхийн улс орнуудаас Герман, Франц, Итали, Энэтхэг, Филиппин, Малайз зэрэг улс сурагчийн цүнхэнд стандарт тогтоожээ. Тэгвэл АНУ, Канад, Австрали, Япон, Солонгос зэрэг улс зөвлөмж гаргасан байдаг аж. Сурагчийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15%-иас хэтрэх ёсгүй гэж эдгээр улс стандарт, зөвлөмждөө заасан байна.
Үүний дагуу эцэг эхчүүд хүүхдэдээ цүнх авч өгөхдөө биеийн жингийнх нь 10%-иас хэтрүүлэхгүй байхыг Монгол Улсын Боловсролын ерөнхий газар зөвлөж байна.
Цүнх сонгохдоо юу анхаарах вэ?
Цүнхний загвар, хэрэглээ
- Нуруунд жигд ачаалал өгөхүйц, хоёр мөрөнд үүрдэг байх.
- Хөнгөн материалтай, тоноглол багатай, ачааллыг жигд хуваарилахад тустай олон тасалгаатай байх.
- Цүнхний оосор өргөн, материал нь хөлөргөдөггүй байх.
- Цацруулагчтай байх (Цацруулагчгүй бол 3 талд нь цацруулагч хийх).
- Зөвхөн тухайн өдрийн хэрэгтэй зүйлсийг хийх
Сургуулийн хийх ажил:
- Хичээлийн хуваарийг оновчтой төлөвлөн, хүнд номтой хичээлүүдийг өдөр бүр давхцуулахгүй байх
- Гэрийн даалгавар, бие даалтыг хэвлэмэл материал, нээлттэй эх сурвалжаас хийлгэх
Эцэг, эхийн хийх ажил:
- Хүүхдийнхээ цүнхэнд шаардлагагүй зүйл байгаа эсэхийг шалгах.
- Хичээлийн хэрэгсэл авч өгөхдөө хөнгөн, овор, хэмжээ багатайг сонгох.
Багшийн хийх ажил:
- Зөвхөн тухайн өдрийн хичээлдээ шаардлагатай хэрэгслийг цүнхэлж байхыг сануулах.
- Хүүхдийн цүнх хүнд байгаа эсэхийг анзаарч, эцэг эх асран хамгаалагч нарт сануулах.