Нийслэлд 139 сургууль, цэцэрлэгийн барилга барьж байгаагийн 58-ыг нь нийслэл, дүүргийн төсвөөр барьж байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 15 сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулсан бол 20 сургууль, цэцэрлэгийг энэ онд багтаан ашиглалтад оруулна.
Үүний зэрэгцээ нийт 177 сургууль, цэцэрлэг, эмнэлэгт их засвар хийж байгаа аж. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн анги засвар, шугам сүлжээ, дулаан хангамж зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөөс нэмэлт санхүүжилт гаргаж, 11 сургууль, 9 цэцэрлэгийн шугам сүлжээний ажлыг хийж эхэлсэн. Энэ онд 273 нэгж талбарыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг, зогсоол байгуулжээ.

2020-2024 онд Улаанбаатар хотод 114 цэцэрлэг, 45 сургуулийн барилга барьж, ашиглалтад оруулсан юм. Өмнөх жилүүдэд хугацаандаа ашиглалтад ороогүй, удаашралтай байгаа 30 барилга (11 цэцэрлэг, 16 сургууль, 3 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор) дээр энэ онд тусгайлан арга хэмжээ авлаа. Ашиглалтад оруулсан 9 барилга дээр нэмэлт төсөв гаргаж өгсөн бол 4 барилгын ажлыг эрчимжүүлжээ. Үүнээс гадна нэмэлт санхүүжилт шаардлагатай 6, газрын асуудалтай 1 барилга байгаа бол шүүхээр шийдвэрлүүлэх 6 барилга байна.

Энэ онд нийслэлийн сургуулиудад 296 автобус үйлчилнэ. Сургуулийн автобусыг 6 сар тутамд техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хамруулдаг аж.