Ялтнаар хүүхдийн байгууллагыг удирдуулна гэнэ үү?


Нийтийн албан тушаалд томилогдох эрхээ 5 жилээр хасуулаад, 3 жил болж байгаа хүн нийтийн албан тушаалд томилогдох эрхгүй. Үүнийг сануулахын учир:

Ш.Одончимэг гэдэг эмэгтэй нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байхдаа ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргалтайгаа бүлэглэн, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдон, АТГ-т шалгуулж, эцэст нь шүүхээс ял шийтгүүлсэн. Тэд 2012.05.03-наас 2017.10.18-ны хооронд нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт нийт 562 сая 994 мянга 706 төгрөгийн хохирол учруулсныг АТГ, шүүх тогтоосон юм.  
Хэргийг нь шийдвэрлэх явцад Ш.Одончимэг, Д.Энхжаргал нар үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсад учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт хүсэлт гаргасан байдаг. Түүнийг нь прокурор хүлээн авч, Ш.Одончимэг, Д.Энхжаргал нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн юм.


Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жилийн хугацаагаар хасаж 5.4 саяас 27 сая төгрөгөөр торгох, эсхүл зорчих эрхийг нь 1-5 жилийн хугацаагаар хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд хуульчилжээ.

Ш.Одончимэг, Д.Энхжаргал нар үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн

Үүний дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.Одончимэг, Д.Энхжаргал нарт холбогдох эрүүгийн 1741 00013 0043 дугаартай хэргийг 2022.06.20-ны өдөр хүлээн авч, 2022.07.05-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд шүүх хурлыг нээлттэй явуулсан. Тус шүүх шүүгдэгч Ш.Одончимэгт нийтийн албанд 5 жил томилогдох эрхийг нь хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон. Харин шүүгдэгч Д.Энхжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм.

Шүүхийн энэ шийдвэр 2022.07.05-нд гарсныг дахин сануулъя. Түүнээс хойш 3 жил өнгөрч байна. Ш.Одончимэгийн нийтийн албанд томилогдох эрхийг шүүх 5 жилээр хассан. Тэр хугацаа нь 2027.07.05-нд дуусна.

Гэтэл түүнийг эргээд нийтийн албанд томилох сураг чих дэлсэв. Тэр дундаа бүр хүүхдийн байгууллага удирдах юм гэнэ. Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэгийг чөлөөлж, оронд нь Ш.Одончимэгийг тавих тухай бор шувуу жиргэж эхэллээ.

Шүүхийн шийдвэр 2022.07.05-нд гарснаас хойш 3 жил өнгөрч байна. Ш.Одончимэгийн нийтийн албанд томилогдох эрхийг шүүх 5 жилээр хассан. Тэр хугацаа нь 2027.07.05-нд дуусна

Д.Уранбилэг Хүүхдийн урлан бүтээх төвийн захирлаар 9 жил ажиллаж байгаа аж. Түүнийг солихдоо оронд нь тавьж байгаа хүн нь ял шийтгэлтэй хүн байдаг нь ч ямар учиртай юм. Ядахдаа нийтийн хоолны инженер технологич мэргэжилтэй хүн шүү. Ийм хүнээр нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрыг удирдуулаад юу болсныг олон нийт мартаагүй. Мартах ч үгүй.

Нийтийн албанд ажиллах эрх хасах ял гэж яагаад бий болгов? Ш.Одончимэг мэтийн нийтийн төсөв завшигчдыг дахин нийтийн төсөвт хуруу дүрэх боломж олгохгүйн тулд энэ ялыг бий болгож, Эрүүгийн хуульд оруулсан байлгүй. Гэтэл яагаад нийтийн төсвөөс 563 сая төгрөг шамшигдуулж, өөртөө хувцас, оо энгэсэг, агуулах, машины зогсоол худалдаж авсан, шүдээ эмчлүүлсэн хүнийг дахиад нийтийн албанд, тэр дундаа удирдах албан тушаалд тавих гэж байна вэ? Энэ хүнд яагаад дахин нийтийн мөнгийг захиран зарцуулах эрх олгох гэж байгаа юм бол? Хамгийн гол нь энэ хүн ялтан шүү дээ. Ялаа эдэлж дуусаагүй байгаа, нийтийн албанд томилогдох эрх хасах ял нь хүчинтэй байгаа хүн.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас Ш.Одончимэгийн завшсан мөнгө:

  • Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас “Унаган төгөл” ХХК-ийн “Голомт” банкны 1905009774 тоот данс руу 2014.02.19-ний өдрөөс 2016.10.17-ны өдрийг хүртэл 82 удаагийн гүйлгээгээр 162 сая 251 мянга 350 төгрөгийг “Мах, хүнсний материал, бараа” гэж,
  • Нийтлэг үйлчилгээний газраас “Хөтөл тэлмэн” ХХК-ийн “Хаан” банкны 5030017977 тоот данс руу 2017.06.15-ны өдрөөс 2017.10.17 хүртэл 7 удаагийн гүйлгээгээр нийт 32,797,000 төгрөгийг “Бараа материалын үнэ” гэж шилжүүлжээ.

Ийн нийт 195,048,350 төгрөг шилжүүлснээс 157,248,350 төгрөгөөр “Нараа бүтик” дэлгүүрээс өөртөө хувцас хэрэглэл худалдан авсан байдаг.

  • Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас “Люкс таун” ХХК-ийн 1405004495, 1405002627, 5009653524 тоот данс руу 2012.06.20-ноос 2015.12.24 хүртэл нийт 64,197,379 төгрөгийг “Барааны үнэ, цэвэрлэгээний материал” гэж шилжүүлсэн.

Гэвч Ш.Одончимэг уг мөнгөний 17,017,379 төгрөгөөр хувьдаа тавилга, эд зүйл худалдан авсан.      

  • Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас “Жоконди” ХХК-ийн 1905005164, 1905105938 тоот данс руу 2015.12.11-нээс 2017.10.11 хүртэл 30 удаагийн гүйлгээгээр нийт 93,821,190 төгрөгийг “Засварын материал, барааны үнэ, хүнсний материал” гэж шилжүүлсэн.

Гэхдээ “Жоконди” ХХК-иас Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт ямар нэг бараа материал нийлүүлээгүй. Уг мөнгөөр Ш.Одончимэг тус компанийн дэлгүүрээс өөртөө хувцас, гоёлын хэрэгсэл, хүнс худалдан авчээ.

  • Нийтлэг үйлчилгээний газраас “Ди Ди Өү Би” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 417008765 тоот данс руу 2017.05.09-ний өдрөөс 2017.10.18 хүртэл 10 удаагийн гүйлгээгээр нийт 46,729,050 төгрөгийг “Бараа материал, махны үнэ” гэж шилжүүлсэн.

Гэвч “Ди Ди Өү Би” ХХК нь шүдний эмнэлэг байв. Тус эмнэлэг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт бараа материал нийлүүлээгүй. “Бараа материал, махны үнэ” гэж шилжүүлсэн мөнгө нь үнэндээ Ш.Одончимэгийн шүдний эмчилгээний төлбөр байв.

  • Нийтлэг үйлчилгээний газраас “Би Би Ай” ХХК-ийн “Голомт” банкин дахь 2705106003 тоот данс руу 2017.08.21-нээс 2017.10.18 хүртэл 6 удаагийн гүйлгээгээр нийт 44,634,650 төгрөгийг “Барааны үнэ, цаас, ажлын хөлс” гэж шилжүүлжээ.

Гэвч “Би Би Ай” ХХК 425 мянган төгрөгийн бичгийн цаас Нийтлэг үйлчилгээний газарт нийлүүлж тус компанийн захирал Б.Батбаатар дансаар мөнгө гаргасны шимтгэлд 7,118,000 төгрөг авч, 500 мянган төгрөгөөр Б.Д нараар дээврээ засуулжээ. Үлдсэн 32,491,650 төгрөгийг Ш.Одончимэг хувьдаа бэлнээр авч, нийт 39,609,650 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан байв.

  • Нийтлэг үйлчилгээний газраас “Хосчой” ХХК-ийн 473009452 тоот данснаас 2017.02.15-наас 2017.09.12 хүртэл 8 удаагийн гүйлгээгээр нийт 33,046,600 төгрөгийг “Бараа материалын үнэ” гэж шилжүүлжээ.

Уг мөнгөөр Ш.Одончимэг тус компаниас охин Ц.Хэрлэнчимэгийнхээ нэр дээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “КН апартмент”-д байрлах 195 дугаартай авто зогсоол, агуулах худалдан авжээ.

  • Нийтлэг үйлчилгээний газраас “Үлэмж грийс” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 409033530 тоот данс руу 2013.08.01-нээс 2017.10.11 хүртэлх 14 удаагийн гүйлгээгээр нийт 21.777.745 төгрөгийг “Материал, барааны үнэ” гэж шилжүүлсэн байна.

“Үлэмж грийс” ХХК гоо сайхны салоны үйл ажиллагаа явуулдаг. Нийтлэг үйлчилгээний газарт бараа материал нийлүүлж байгаагүй аж. Үнэндээ Ш.Одончимэг уг мөнгөөр хувьдаа гоо сайхны үйлчилгээ авчээ.

  • Нийтлэг үйлчилгээний газраас “Мөнгөн гялбаа” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 406029496 тоот данс руу 2012.09.11-нээс 2016.03.17 хүртэл 54 удаагийн гүйлгээгээр 637,130,883 төгрөгийг “Засвар, бараа материал, гэрээт ажил, эд хогшил авах, санхүүжилт” гэх мэтээр шилжүүлжээ.

Үүнээс 153,744,742 төгрөгийг “Мөнгөн гялбаа” ХХК-ийн талбайг түрээсэлж, “Сэрүүлэг” зоогийн газар ажиллуулсны түрээсийн төлбөрт шилжүүлжээ. Бусдыг нь бэлнээр авч, хувьдаа зарцуулжээ.


2 responses to “Ялтнаар хүүхдийн байгууллагыг удирдуулна гэнэ үү?”

  1. 29-р сургуулийн захирал бас ял авч ажлаа өгсөн хэрнээ, өөрийгөө 29-ийн захирал гээд явж байна гэсэн. ажлаа өгсөн шиг өгдөг байх хэрэгтэй л дээ.

  2. Арай ч дээ яагаад ??? Хүүхдийн байгууллага тоглоомын байгууллага биш шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *