Н.Учрал: Биржээр зарах эрчим хүчний нүүрсний үнийг индексжүүлдэг болгох гэж байна


Засгийн газар өнөөдөр “Экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол баталжээ. Энэ талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал сэтгүүлчдэд мэдээллээ.

-Ерөнхий сайдын 7-р сарын 21-ний өдрийн 41-р захирамжаар “Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс хойш уг ажлын хэсэг 3 дэд ажлын хэсэгт хуваагдаж ажиллалаа. Монгол Улсын эдийн засаг агшиж байгаа энэ үед бид төсвийг тэлэх, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд 1-рт, төрийн хүнд суртлыг бууруулах, 2-рт хувийн хэвшлийн орон зайг бий болгох, 3-рт экспортыг нэмэгдүүлэх шаталсан арга хэмжээ авах зорилт агуулж байгаа.

Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажилласан. Сайн мэдээ бол 7-р сарын 19-нөөс 8-р сарын 19-ний хооронд өмнөх саруудын дунджаас 30%-иар нүүрсний экспорт нэмэгдсэн. 8.4 сая нүүрс экспортолсон. Үүнээс уул уурхайн биржээр 7-р сард 2 сая 963 мянган тн нүүрс арилжсан бол 8-р сарын 19-ний байдлаар 2 сая 470 мянган тн нүүрс арилжаад байна.

Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх ЗГ-ын тогтоолын хүрээнд Гашуунсухайт боомтоор жолоочтой тээврийн хэрэгсэл нэвтрүүлж, экспорт нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Өнөөдөр бид автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн гарцаар жолоочтой тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн тохиолдолд зөвхөн уул уурхайн биржээр зарсан бүтээгдэхүүн тээвэрлэхээр хязгаарлаж байна. Энэ бол уул уурхайн биржээ дэмжих бодлого.

Биржийн арилжаа идэвхижсэнээр Монгол Улс энэ онд зорьсон 80 сая тн нүүрсээ экспортолно. Ирэх онд 85-90 сая тн нүүрс экспортлохоор зорьж байна. Уул уурхайн биржийн журмаар өмнө нь эрчим хүчний нүүрсийг индексжүүлсэн үнээр борлуулах бололцоо байдаггүй байсан. Үүнээс болоод нүүрсийг сорчилж олборлодог байсан. Одоо эрчим хүчний нүүрсний үнийг индексжүүлэн биржээр зардаг болгох гэж байна. Ингэснээр уурхайгаас нүүрсийг сорчлохгүй олборлодог болно.

“Гаалийн хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд тавих хяналтын журам” гэж ГЕГ-ын даргын тушаалаар баталдаг журмыг өөрчлөхөд бэлэн болсон. ГЕГ, ТЕГ, Боомтын захиргаа, ХХЕГ хоорондоо мэдээлэл нээлттэй солилцдог болох гэж байна. Энэ журамд одоо олон нийтээс санал авч байна. 8-р сарын 31-ний дотор энэ журмыг батална. Ингэснээр цахимаар мэдээлэл солилцох шат дамжлага цөөрнө.

Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд цахим худалдааны цонх, худалдааны цонх зэрэг олон системийг нэгтгэж, 1 цонхтой болгохоор өнөөдөр ЗГ холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Ингэснээр иргэнээс заавал бичиг баримт нэхэхгүйгээр шууд шийдвэрлэдэг болно. Ажлын хэсэг 7 хоног бүр хуралдаж байна. Журам гарсны дараа ажлын хэсэг хилийн боомтод очиж ажиллана. Экспортыг нэмэгдүүлэхээр авч буй арга хэмжээ тодорхой үр дүнд хүрч байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *