Сургуульд орох хүүхдийн тоо өмнөх жилийнхээс 30 мянгаар нэмэгджээ


2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар 300 орчим мянган хүүхэд цэцэрлэгт явна. Цэцэрлэгийн хүүхдийн тоо өмнөх жилийнхээс цөөрч байгаа ч хүн амын нягтаршил харилцан адилгүй байгаагаас шалтгаалан, зарим газарт шинээр анги танхим хэрэгтэй болжээ.
Ерөнхий боловсролын сургуульд 830 орчим мянган хүүхэд суралцана. Энэ нь өмнөх жилээс 30 орчим мянгаар нэмэгдэнэ гэсэн үг юм байна. Үүнтэй холбогдуулан сургуулийн анги танхим түрээслэх шаардага үүсжээ. Үүнд мөнгө дутагдаж байгаа аж. Нийт 127 сургууль, цэцэрлэгт анги танхим түрээслэхэд 32,9 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог БЯ гаргажээ. Энэ оны 9-12 дугаар сард 14.3 тэрбум төгрөгөөр байр түрээслэхээр тооцож байна.

Өнөөдрийн байдлаар 3430 суудалтай 7 сургуулийн барилга, 400 ортой 5 цэцэрлэгийн барилга, 280 ортой 1 цогцолбор, 270 ортой 2 дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн 1 спорт заал, их дээд сургуулийн 1 спорт заал ашиглалтад ороод байна. Шинээр ашиглалтад орох цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмж нэн ялангуяа ширээ, сандлыг 9 дүгээр сарын 01-ээс өмнө нийлүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.18 дахь заалт, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 28.8 дахь хэсэгт заасны дагуу боловсролын байгууллагын барилга байгууламж, түүний засвар үйлчилгээг нутгийн өөрөө удирдах байгууллага болон захиргааны байгууллага хариуцдаг. Орон нутгаас цэцэрлэг, сургуулийн засварыг эрчимжүүлэх шаардлагатай байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *