Боловсролын ерөнхий газрын мэдээгээр ирэх хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад нийт 3324 багш дутагдалтай байна. Үүний 1590 нь нийслэлд хэрэгтэй байгаа аж.
Цэцэрлэгийн 1147 багш, ажилтан хэрэгтэй байгаагийн 339 нь бүлгийн багшийн орон тоо байна. Үүний 685 нь нийслэлд оногдож байна. Нийслэлд бүлгийн 202 багшийн сул орон тоо байгаа аж.
2024-2025 оны хичээлийн жилд багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй 2877 оюутан төгссөн бол багшлах эрхийн сургалтад 163 иргэн хамрагдаж, багш мэргэжил эзэмшжээ.
Ерөнхий боловсролын сургуулиуд тухайн хичээлийн жилд шаардлагатай багшийн тоог гаргахдаа Боловсролын сайдын 2023 оны А/350, A/398 дугаар тушаалаар батлагдсан “Сургалтын төлөвлөгөө”-нд үндэслэсэн байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын дагуу бол бага ангид 30-35, дунд, ахлах ангид 32-35, харах, сонсох эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурдаг сургуулийн 1 бүлэгт 8-12, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн 1 бүлэгт 10-15 хүүхэд байх ёстой. Үүгээр тооцож, шаардлагатай багшийн тоог гаргадаг юм байна.