Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээллээ. Өнөөдөр ЗГ агентлагуудын бүтцийг цомхон, чадварлаг болгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-16 яамны 280 гаруй газар, хэлтсийн даргын тоог 81-ээр цөөлж, 6.3 тэрбум төгрөг хэмнэх шийдвэр гаргасан. Зардал ихтэй, үр ашиг багатай, чиг үүрэг давхардсан үндэсний 29 хороо, зөвлөлийг татан буулгахад 146 орон тоо хасагдаж, 41.6 тэрбум төгрөг хэмнэсэн.
Өнөөдөр ЗГ-ын 35 агентлагийн орон тооны хязгаар 3353 байсныг 9%-иар цөөлж, 3052 болголоо. Агентлагууд доторх газар, хэлтэс, тасаг, албадын тоог цөөлсөн. Нийт орон тоог 301-ээр цөөлж, чиг үүргийн давхардлыг арилгалаа. Үүний үр дүнд агентлагуудын газар, хэлтэс, тасаг, албаны даргын тоо 54-өөр цөөрнө. 54 дарга цомхотгож байна гэсэн үг. Цалин хөлсний зардлаас 10 орчим тэрбум төгрөг хэмнэнэ. Ингээд агентлагт цомхотгол хийснээр нийт 20 орчим тэрбум төгрөг, үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаснаар 40 орчим тэрбум, нийт 60 орчим тэрбум төгрөг хэмнэж байна.
Тэтгэвэрт гарч байгаа, ажлаа хийхгүй байгаа, ажлаас гарсан, чөлөө авсан хүмүүсийн орон тоог цомхотгох чиг үүрэг өгч байгаа. Агентлагууд орлогч, дэд даргатай байхгүй. Хуулиар заасан бол дэд дарга, орлогчтой байна. Хуулиар заагаагүй бол дэд дарга, орлогчгүй байна.
Яаманд байгаа чиг үүрэг агентлагт байх ёсгүй. Агентлагийн бүтэц газар, хэлтэс, алба, тасаг гээд олон нэгжтэй байсан бол одоо зөвхөн газар, хэлтэстэй байна. Алба, тасаг гэж байхгүй болгож байна.
Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг 8-р сарын 26-наас эхлээд, ил тод болгоно. Өмнө нь төрийн албан хаагчид А, В гэсэн үнэлгээтэй гардаг байсан. Харин иргэд 40 орчим хувь нь ажлаа хийдэг, 60 гаруй хувь нь хангалтгүй гэж үнэлдэг. УИХ үнэлэхдээ 60 орчим хувьтай гэж үнэлдэг. Хэн үнэлж байгаагаас хамаарч өөр өөр үнэлдэг. Үүнийг болиулж байна. Дарга нарын албан хаагчдаа үнэлэх үнэлгээ шударга болно. Ийм зарчмаар чадварлаг албан хаагчтай болно. Үнэлгээ зөв байна уу гэдгийг бас хянадаг болно. Иргэдээр давхар үнэлүүлдэг болно.
Сэтгэл гаргаж, хариуцлагатай ажиллаж буй төрийн албан хаагчдаа урамшуулна. Даргын татаас, түлхээсээр ажилд орсон албан хаагчдыг цомхотгоно.

One response to “С.Бямбацогт: Даргын татаас, түлхээсээр ажилд орсон албан хаагчдыг цомхотгоно”
Аргентиний ерөнхийлөгч шиг арга хэмжээ аваад капитализмыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж орхиоч