Хэн хэн гэдэг даргын хөрөнгийг хураах бол?


Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон дарга нарын хөрөнгийг өнөөдрөөс эхлэн АТГ-тай хамтран хураахаа Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдсэн. Гаалийн Х.Баатараас эхлээд хууль бусаар олсон орлого, авлигад авсан мөнгөө гэртээ, ажлын өрөөндөө хадгалж байгаад баригдсан дарга үеийн үед зөндөө. Тэднээс сургамж авсан зарим нь оймсондоо хүртэл нуугаад, гардуулж байв. Одоо харин биедээ, гэртээ, өрөөндөө авлигаа нуудаг тэнэг үгүй л болов уу. Гэвч юмыг яаж мэдэх вэ дээ.

Юутай ч Г.Занданшатар, З.Дашдаваа хоёр энэ удаад зоорь, агуулах зэрэг хүний нүднээс далд обьектуудыг шалгахаар төлөвлөжээ. Ногооны зоорь барьж, төмөр сейф тавиад, алтан гулдмай, боодолтой мөнгө, хуучны эдлэл хадгалдаг хүмүүс байдаг сурагтай. Цахимаар зардаг барааны агуулах нэрээр халхавчлан, нууц хөрөнгөө өнгөлөн далдлах арга сүүлийн хэдэн жилд дарга нарын дунд сүрхий газар авчээ. Тийм л обьектуудыг онилж, тэндээс асар их хөрөнгө хураахаар Засгийн газрын тэргүүн, АТГ-ын дарга хоёр төлөвлөсөн юм байна.

АТГ 2002 оноос хойших шүүхийн шийдвэрийг шүүж, ялаа авсан, шийтгэлээ эдэлсэн ч нийтийн төсвөөс хулгайлсан хөрөнгөө хураалгалгүй үлдсэн нөхдийн нэрсийг тодруулжээ. Тэгвэл ХЗДХЯ нийтийн хөрөнгөөс завшсан мөнгөө буцааж өгөөгүй хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргасан байна. Төрийн өмчит компанийн захирлууд энэ жагсаалтыг нэлээд уртасгасан сурагтай. Зоорь, агуулах, гараашаа нэгжүүлэх албан тушаалтнуудын жагсаалтын нэлээд дээгүүрт төрийн өмчит компанийн үе үеийн захирлууд, улсын төсөвт үйлдвэрийн газрын хуучин болон шинэ дарга нар, өмнөх засгийн сайд нар бичигджээ.

Ногооны зоорь барьж, төмөр сейф тавиад, алтан гулдмай, боодолтой мөнгө, хуучны эдлэл хадгалдаг хүмүүс байдаг сурагтай

Энэ оны эхний 6 сард АТГ-аас шалгасан гэмт хэргийг үйлдсэн этгүүдүүд улсад болон бусдад 441 тэрбум 480 сая төгрөгийн хохирол учруулжээ. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 11 тэрбум 169 сая төгрөг нөхөн төлүүлсэн бол цагаан захтануудын 1 тэрбум 673 сая төгрөгийн машин, тоног төхөөрөмж, орон сууц,  бэлэн мөнгийг битүүмжлэн, үрэн таран хийхээс хамгаалжээ.

Цагаан захтанууд ийн олон нийтийн мөнгийг тэрбум тэрбумаар нь идэж байхад эрчим хүчний салбарынхан цахилгаан станцаа засаж чадахгүй явсаар эцэстээ “ДЦС 3”-т осол гарч, хүн амиа алдан, эрүүл мэндээрээ хохирч, ард түмэн ирэх өвөл лааны гэрэлд хүйтэн байрандаа чичирч суухад хүрч байна. Тэдний нэг нь би. Тиймээс хөрөнгө хураах ажиллагааг хажуугаас нь сайтар харах болно.

Өнөө жил АТГ-т 48.801 хүн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах байв. Тэд бүгд хуулийн хугацаандаа мэдүүлгээ өгч, баталгаажуулжээ. Одоо мэдүүлгийг нь нягтлан шалгаж байна. 2024 онд хөрөнгө, орлогоо мэдүүлсэн албан тушаалтнуудаас АТГ 7271-ийг нь эрсдэлтэй гэж үзсэн байна. Офшор бүс дэх банкинд данстай, хөрөнгө, орлогоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй 60 албан тушаалтны мэдүүлгийг онцлон шалгахад 8 нь худал мэдүүлсэн байжээ. Тэдэнд Авлигын эсрэг хуулийн 13.8-д зааснаар хариуцлага тооцуулсан байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 9 албан тушаалтныг одоо шалгаж буй аж. Өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө, орлогыг үндэслэлтэй тайлбарлаагүй албан тушаалтнууд 2 тэрбум 740 сая төгрөгийн татвараас зугтсаныг илрүүлж, 355 сая төгрөгийн татвар, торгууль, алданги нөхөн төлүүлжээ.

АТГ 2002 оноос хойших шүүхийн шийдвэрийг шүүж, ялаа авсан, шийтгэлээ эдэлсэн ч нийтийн төсвөөс хулгайлсан хөрөнгөө хураалгалгүй үлдсэн нөхдийн нэрсийг тодруулжээ

Хөрөнгө, орлогын мэдүүлгийг сайн шалгавал хууль бусаар олсон хөрөнгө, хуулиас нуусан мөнгө тэрбум тэрбумаараа олдох боломжтойг АТГ-ын дээрх баримт харуулав. Эрдэнэтийн зэсийг машин машинаар нь, Тавантолгойн нүүрсийг вагон вагоноор нь гадаад руу зөөгөөд л байдаг. НӨАТ, ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ Засгийн газар нэмээд л байдаг. Сүүлдээ гэрээгээр гүйцэтгэсэн ажлаас ч, хоолны мөнгө, автобусны төлбөрөөс татвар, шимтгэл авдаг болсон.

Манай төр ингэж ард түмний ясыг цайтал мөлжиж байгаа ч Монголын эдийн засаг хөгжсөнгүй. Үүний буруутан нь УИХ, Засгийн газар. Өөр хэн ч биш. Тэд л нийтийн төсвөөс мөнгө хулгайлах боломжийг дарга нарт олгосон. Намдаа хандив нэртэй авлига аваад, авлигачдыг албан тушаалд томилж ирсэн. Тэд нь авлигад өгсөн мөнгөө эхлээд олж авахаар, дараа нь ашиг унагахаар улайрч, нийтийн албыг бизнесийн салбар болгосоор байна.

Нийтийн албанд томилогдохоор энэ оны 1-6 дугаар сард нэр дэвшсэн 12.651 хүний 52 нь илт ашиг сонирхлын зөрчилтэй байсныг АТГ тогтоожээ. Хөрөнгө, орлогын мэдүүлгээ урьдчилж хянуулах ёстой байтал огт хянуулаагүй, албан тушаалд томилогдсоны дараа хянуулсан 32 албан тушаалтанд АТГ хариуцлага тооцуулжээ.

Төрийн өмчит компанийн захирлууд энэ жагсаалтыг нэлээд уртасгасан сурагтай

Үүнийг бүгд мэднэ. Бүгд харж байна. ХЗДХ-ийн сайд байхдаа Л.Алтангэрэл “Хэн нь авлигач гэдгийг ард түмэн харж, мэдэж байдаг” гэж хэлсэн нь үнэн. Мэддэг учраас иргэд АТГ-т мэдээлэл өгч, авлигачдыг шалгуулдаг. Энэ оны эхний хагас жилд иргэд АТГ-т 540 гомдол гаргажээ. Үүний дагуу тус байгууллага шалгалт явуулж, 37 албан тушаалтанд хариуцлага тооцуулаад байна.

Хариуцлагыг бол яаж ийгээд тооцдог болж байна. Хүнд, хөнгөний тухай асуудал бол бий. Хариуцлагаас бултагсад ч байсаар л байна. Үүний зэрэгцээ алдсан мөнгөө буцааж авдаг болох нь хөрөнгө хураах ажиллагааны гол зорилго. Зорилгоо Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, З.Дашдаваа нар биелүүлж дөнгөх эсэхийг харж л байя.


One response to “Хэн хэн гэдэг даргын хөрөнгийг хураах бол?”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *