Авлигачдын хөрөнгийг хэзээ хураахаа яагаад зарлав?


Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон дарга нарын хөрөнгийг манай улс хурааж эхэллээ. Хураах ёстой бол хураах л ёстой. Хамгийн хачин нь авлигачид, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийнхээ хөрөнгийг АТГ-тай хамтран хураахаа Ерөнхий сайд Г.Занданшатар өдөр судартай нь олон нийтэд ил тод мэдэгдэв.  “Ирэх 7 хоногийн лхагва гарагт…” гэж ирээд ил цагаан зарласнаар авлигачид хамаг хөрөнгөө нуухаар бужигнаад, өчигдөр өглөө гэхэд хамаг бүхэн цэгцэрсэн байсан гэнэ.

Тэртэй тэргүй авлигад авсан мөнгөө ажил дээрээ хадгалдаг дарга гаалийн Х.Баатараас хойш байхгүй болсон. Гэртээ хадгалдаг түшмэл УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч С.Батдөлөөс өөр байгаагүй биз. Хүүгийндээ хадгалдаг сайд Н.Хүрэлбаатараас хойш лав байхгүй болсон дог. Оймсондоо бол түр зуур л гэхээс удаан хадгалах боломжгүй. Офшор бүсэд аваачаад хадгалчихаар эрэн сурвалжлах сэтгүүлчид илчилчихсэн. Түүний араас АТГ хөөцөлдөөд, офшороос мөнгийг нь буцаагаад оруулаад ирдэг болсон. Гадаадад хаус худалдаад авчихаар ямар нэг байдлаар илрүүлдэг болсон.  

Гэвч хууль чангарах тусам хулгайчийн арга нарийсдаг. Мөнгө, хөрөнгөө хадгалдаг газрыг нь илрүүлж, мөнгө угаах аргыг нь мэдэх тусам цагаан захтануудын хар арга улам нарийссаар байна. Сүүлийн үеийн мэдээгээр авлигачид буруу гараар олсон мөнгө, хөрөнгөө зоорь, агуулахад хадгалдаг болжээ.

Ийм мэргэн аргыг манай авлигачид бодож олоод, итгэлтэй нэгэндээ зааж өгсөөр, бүгдээрээ зоорьтой болсон юм даг уу даа.

Өвөл, хавар идэх ногоогоо хадгалах нэрийдлээр томхон зоорь барьчихна. Гүнд нь эсвэл мухарт нь нууц өрөө гаргах нь хамгийн гол нь. Тэндээ бусдын нүднээс нуухыг хүссэн бүхнээ аваачиж хийнэ. Намар шинэ ургацын ногоо жаахныг аваад зоориндоо нөөцөлчихнө. 11-р сард хэдэн гулууз мах нэмж хийсэн ч яах вэ. Нуусан мөнгө, зоорилсон хөрөнгөнөөсөө авах хэрэгцээ гарвал уут ногоо, гулууз махаар далдалчихна.

Ийм мэргэн аргыг манай авлигачид бодож олоод, итгэлтэй нэгэндээ зааж өгсөөр, бүгдээрээ зоорьтой болсон юм даг уу даа. Түүнийг нь Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, З.Дашдаваа гурав эрж олоод, ухаж төнхөн, мөнгө, хөрөнгө хураах юм байх.

Зоорь гэдэг энэ мэргэн аргыг нь АТГ мэдчихсэн гэдгийг мэдээгүй авлигач бас бус байсан бололтой. Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг Хамтарсан Засгийн газар санаачлах үеэс л дэл сул юмаа авлигачид зоорь луугаа зөөсөн гэнэ. Хөеөгөө зөөн сүлжилдэх хулгана мэт бужигнасан авлигачид түүнээс хойш хөрөнгө хураах хуулийн төслийг УИХ баталчих вий хэмээн сураг ажиг тавьж, аль болох батлуулахгүйг хичээсээр юутай ч хаврын чуулганаас холдуулж, намрын чуулган болтол хойшлуулж дөнгөсөн. Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд, О.Алтангэрэл нар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг 2025.05.21-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Үүнийг батлахыг хүлээж тэсэлгүй Г.Занданшатар хөрөнгө хураах ажиллагааг эхлүүлж байгаа нь ямар учиртай юм бол?

АТГ-ын гүйцэтгэх ажиллагаа, авлигачдын хөрөнгө хураах ажил маш нууц байж, гэнэт хийх учиртай

Нууц юм гэдэг нууц л байх ёстой. Тэр тусмаа АТГ-ын гүйцэтгэх ажиллагаа, авлигачдын хөрөнгө хураах ажил маш нууц байж, гэнэт хийх учиртай. Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатар энэ ажиллагааныхаа талаар олон нийтэд урьдчилан зарласан нь хачин.

Үнэхээр хураая гэж бодсон бол ажиллагаа эхлэх өдөр судрыг онилсон обьекттой нь олон нийтэд зарлахгүй л байлаа. “Зоорь болон бусад обьектуудад үзлэг шалгалт хийнэ. Зоорийн эргэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэх мэт өгүүлбэртэй, авлигачдын хөрөнгийг хураах гээд байгаа ч юм шиг, ногооны зоорь суллаж ногоочдод, махны зоорь чөлөөлж малчдад өгөх гээд байгаа ч юм шиг түүний хачин мэдэгдэл “Ховор хүмүүс” киноны “Шинэхэн халадаа өмсөөрэй. Ширээний бүтээлгээ бүтээгээрэй” гэдэг шиг юм болов. Зоорь нэгжинэ гэдгийг мэдээгүй нэг хэсэг нь түүний тэр мэдэгдлээс мэдлээ. Одоо зоориноос юу ч олохгүй. Агуулахуудаа ч эзэд нь аль хэдийнэ цэгцэлчихлээ.   

Г.Занданшатарын хачин мэдэгдлийн цаана жигтэй юм байна… Юу юм бол?


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *