Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор баруун бүсэд зохион байгуулсан дугуйн 26 дахь удаагийн “Tour of Mongolia” Монголын олон өдрийн уралдаан өндөрлөв. Баруун бүсийн аймгуудаар зургаан өдөр нийт 603 км зам туулж уралдахад “Catco racing team” багийн тамирчин Батмөнхийн Марал-Эрдэнэ түрүүлж, дөрөв дэх түрүүгээ хүртлээ.
“Tour of Mongolia” нь Монголын олон өдрийн уралдаан нэртэйгээр анх 1965 онд болоход Я.Баатар түрүүлсэн. Түүнээс хойш 25 удаа болоход Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших, спортын мастер Г.Ганболд, Ш.Жамбал, Б.Марал-Эрдэнэ нар гурван удаа түрүүлсэн юм.
Б.Марал-Эрдэнэ өнөөдөр Завхан аймгийн төв Улиастайд болсон “Tour of Mongolia” олон өдрийн уралдааны сүүлийн гараанд амжилттай өрсөлдөж, тэргүүлэгчийн “Шар цамц”-аа хадгалснаар энэхүү нэр хүндтэй уралдаанд дөрөв дэх удаагаа түрүүлж, Монголын дугуйн спортын нэгэн шинэ түүхийг бичлээ.