Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Ард” кино театрын өмнө бичил цэцэрлэг байдаг. Үүнийг “Од театр” ХХК хашиж, уг цэцэрлэгт хүн суух, явах боломжгүй болгосон юм.
Энэ тухай манай саит 8-р сарын 18-нд газар дээрээс нь сурвалжилж, “Хүний юманд хүрз барьсан барам шиг хандсаар байх уу?” хэмээн олон нийтэд мэдээлсэн. Уг сурвалжилгыг эндээс https://time.mn/n/111339 уншина уу!

“Од театр” ХХК-д Ардын газрыг олгохдоо хэмжээг нь 2014 оны нийслэлийн засаг даргын А/500 дугаар захирамжаар нэмжээ. Энэ нь нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил хэмжээг тогтоох тухай” 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн байна. Иймд нэмж олгосон газрыг нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар манай сурвалжилгын дараа буюу энэ сарын 19-нд хүчингүй болгож, 3595 ам метр талбайг 2054 ам метр болгож өөрчиллөө.

Энэ тухай “Од театр” ХХК-д мэдэгдэж, мэдээллийн санд зохих өөрчлөлт оруулан гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгожээ.
