Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа уурын болон усан халаалтын 174 зууханд 9 дүгээр сарын 15-наас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг нийслэлийн засаг даргын 2025 оны А1052 дугаар захирамжаар хориглосон. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар ийн мэдээллээ. Д.Мөнхбаатар:
-2024–2025 оны халаалтын улиралд 174 зууханд 87 мянга гаруй тонн түүхий нүүрс түлсэн. Түүхий нүүрсний агаарт ялгаруулах бохирдлын хэмжээг мидлинг, хагас коксон түлштэй харьцуулахад хамаагүй их. Судалгаагаар Багануурын түүхий нүүрсний дэгдэмхий чанар 44 хувь байдаг бол мидлинг 22 хувь, хагас кокс 11 хувьтай байсан.
Тиймээс уурын болон усан халаалтын зуух, аж ахуйн нэгжүүдийг түүхий нүүрс түлэхийг зогсоож, мидлинг буюу баяжуулсан нүүрсний хэрэглээнд ирэх 9 дүгээр сарын 15-наас шилжүүлнэ. Баяжуулсан нүүрсний нийлүүлэлт, түгээлтийг тогтвортой байлгах ажлыг “Тавантолгой түлш” ХХК хариуцаж, “Энержи ресурс”-ийн шигшсэн мидлинг нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний жанжин штаб гээд нийслэлд зуух хэрэглэдэг төрийн 112 байгууллага манлайлж, мидлинг рүү шилжиж байна.