Улсын 2 дугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг дурангийн 3D технологи ашиглан, 4 дэх удаагаа элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Энэ удаагийн мэс засалд БНСУ-ын “Самсунг” эмнэлгийн баг зөвлөжээ.
УХТЭ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр:
-Монгол Улсад элэгний донорын хагалгааг хийхдээ дурангийн аргыг 7 удаа ашигласан. Үүний 4-ийг нь 2 дугаар эмнэлэг хийлээ.
Бид эмч, мэргэжилтнүүдээ өндөр түвшинд бэлтгэхийн тулд УНТЭ болон ХСҮТ-тэй хамтран ажиллаж, байнга сургалтад хамрагдсан. Үүний зэрэгцээ дурангийн мэс заслыг хөгжүүлэхийн тулд БНСУ-ын “Канбук Самсунг” эмнэлэгтэй хамтарч “KOFIH” төсөл хэрэгжүүлж байна.
Бид цаашид бөөр, уушги шилжүүлэн суулгах мэс засал хийх, робот мэс засал нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.
2019 онд УХТЭ-ийн Оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноос хойш мэс заслын тусламж, үйлчилгээ тэлж эхэлсэн. Өнөөдөр бид элэг шилжүүлэн суулгах мэс заслаас эхлэн, нийт мэс заслын 95 хувийг дурангийн аргаар хийж эхэлсэн.
УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч Б.Онон:
-УХТЭ энэ онд элэг шилжүүлэн суулгах 5 мэс засал хийхээр төлөвлөсөн. Донорын аюулгүй байдал, сэтгэл ханамж, үүсэж болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсад хэрэглэдэг донорын элэг тайрах мэс заслыг 3D дурангийн аргаар хийж байна. Цаашид ч бид 3D дурангаар хийх зарчим баримтална.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүжилтээр сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй болсон. Энэ нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хөгжихөд маш том дэмжлэг болсон.
БНСУ-ын “Канбук Самсунг” эмнэлгийн эмч, профессор Ким Жонгмэн:
-2019 онд ХСҮТ-ийн хамт олон элэг шилжүүлэн суулгах мэс заслаа эхлүүлж байх үед бид тусалж эхэлсэн. 5 жилийн өмнөөс тус хамт олон элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр төлөвлөн, бэлдэж эхэлсэн байсан. Тэр хугацаандаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон хэд хэдэн эмчтэй манай эмнэлэгт ирж, сургалтад хамрагдсан. Тухайн үед эмч нарын чадвар хэдий сайн байсан ч элэг шилжүүлэн суулгах мэс заслын талаарх мэдлэг нь бага байсан.
Монголчуудын хувьд элэгний хавдар их байдаг учраас эмч, мэргэжилтнүүд энэ тал дээр ажиллаж, өвчтөнийг эдгээх чин хүсэлтэй, эмчилгээндээ маш их анхаарал хандуулж, мэс заслаа ч гэсэн сайн хийж байсан нь ажиглагдсан.
Улсын 2 дугаар төв эмнэлэг дээр элэг шилжүүлэн суулгах мэс засал дөнгөж хийж эхэлж байна. Тухайн эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслын донорын хагалгааг дурангийн аргаар хийж байгаагаараа маш онцлогтой байна. Дурангийн мэс засал хийдэг эмч нарын ур чадвар маш өндөр түвшинд хүрсэн байна. Эрүүл донороос элэг тайрч авахдаа дурангийн мэс засал ашиглах нь донорын ирээдүйн амьдралд маш чухал.
Тус эмнэлгийн зүгээс эмч нараа чадавхжуулах хүрээнд манай эмнэлэг дээр урт болон богино хугацааны маш олон сургалтад хамрагдаж байсан. Эмнэлгийн системийг ч гэсэн маш сайн мэдэж байгаа болохоор өөрсдийн эмнэлэгтээ хэрэгжүүлээд эхэлсэн. Монгол эмч нарын тухайд олон улсад ч гэсэн өндөр түвшинд ажиллах бүрэн боломжтой гэж харж байна.