Саудын Арабын Эр-Рияд хотноо болж буй “CS2” тоглоомын Дэлхийн цомын тэмцээний хагас шигшээд Монголын “The MongolZ” баг шалгаран үлдлээ. Тэд өнгөрсөн шөнө Францын “3DMAX“ багийг 2:1 харьцаагаар буулган авсан юм. Ингэснээр хагас шигшээ шатанд Дэлхийн чансааг тэргүүлж буй “Vitality” багтай учраа таарахаар боллоо.
Манай баг саяхан “BLAST Bounty Fall 2025” тэмцээний шөвгийн дөрөвт “Vitality”-г хожиж, 9 дараалсан ялагдлаа зогсоож чадсан. Тэгвэл Дэлхийн цомын тэмцээнд дахин учраа таарлаа. Хоёр багийн тоглолт наймдугаар сарын 24-ний өдөр болно.
Дашрамд дурдахад, энэхүү тэмцээн 1,250,000 долларын шагналын сантай. Нийт 16 баг оролцсоноос хагас шигшээд өрсөлдөх багууд тодорч байна. Одоо “Mouz”, “Team Falcons”, “Aurora Gaming”, “Heroic” багийн тоглолтоос үлдсэн хоёр баг шалгарах юм.
