О.Алтангэрэл: Намын дүрмээ эхлээд баталъя. Дараа нь дарга, цэргээ ярья


АН-ын ҮБХ энэ сарын 28-нд хуралдана. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын зарим гишүүн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал 8 дугаар сарын 28-нд болно. Түүнчлэн АН их хурлаа 8 дугаар сарын 30-ны өдөр зарласан. Эдгээр хурлаар Ардчилсан намын удирдлагын асуудал, дүрмийн асуудлыг шийдвэрлэнэ. Улс төрийн намын тухай хууль 2023 онд батлагдсан. Үүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль мөн энэ онд батлагдсан. Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2-р зүйлд “Улс төрийн намууд дүрмээ энэ хуульд нийцүүлэн, шинэчлэн баталж, УДШ-д хүргүүлнэ. Өөрчлөлтийг УДШ 30 хоногийн дотор бүртгэж авна” гэсэн байгаа.

Харамсалтай нь АН-ын дүрмийн хэлэлцүүлэг гишүүддээ очсонгүй. Гишүүдээрээ дүрмээ хэлэлцүүлсэнгүй. АН-ын анхан шатны нэгж дээр байгаа гишүүд дүрэмдээ санал өгөх, энэ асуудалд оролцох эрхээ хязгаарлуулчихсан. Бүр сайн яривал 2017 оны сунгаанаас хойш АН-ын удирдлагууд гишүүд дээрээ очсонгүй. Гишүүдээсээ санал авсангүй. Өнөөдөр ч гэсэн яаран зарлаад, хэдхэн хүний дунд намын дарга сонгоно гээд яриад явж байгаа нь буруу байна.

Хамгийн эхлээд намын дүрмээ баталъя. Хэлэлцье. Аймаг, дүүрэгтээ очоод, гишүүдтэйгээ намын дүрмээ ярилцъя. Ингээд намын дүрмээ батлах нь эрэмбийн хувьд зөв байна. Үүний дараа дарга, цэргээ ярья. Улс төрийн намын тухай хуулиа эхлээд мөрдье.

УИХ-ын чуулган эхлэхээс хэдхэн хоногийн өмнө хурлаа зарлаад дүрмээ боловсруулаагүй байж, даргаа сонгоно гэдэг процесс өөрөө буруу байна. Эхлээд даргаа сонгочхоод, дараа нь дүрмээ хэлэлцье гэдэг зүйл байж болохгүй. Бид хуулийн дагуу, дүрмээ хэлэлцээд үүнийхээ дагуу удирдлагаа сонгодог процессыг л хүсэж байна.

2025 он дуусахаас өмнө дүрмээ шинэчлэн батлах ёстой. Дүрэм хэзээ ч Улс төрийн намын дүрмийг давж үйлчлэх ёсгүй. Энэ удаа намын дарга хурал зарласан. ҮБХ-ны дүрэм болдгоороо болж таарна. Үүгээр дүрмээ ярья. АН-ын их хуралд 1206 хүн оролцдог дүрэмтэй. Ингээд асуудлаа олонхоороо ярилцаж шийддэг. Хэн дарга болох нь дараагийн асуудал. Эхлээд гишүүдээсээ холдсон энэ намынхаа дүрмийг шинэчилье. Аймгууд буюу их хурлын төлөөлөгчийг сонгох субьект нь ийм тулгуу зарласан хуралд төлөөлөгч сонгож илгээх боломжгүй гээд АН-ын Дотоод сонгуулийн хороонд албан ёсоор хүргүүлээд эхэлчихсэн. Тэгэхээр энэ их хурлын зохион байгуулалтад ч хүндрэл учирна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *