Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын бас нэг онцлог нь бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн-худалдаа юм. Ноос ноолуур, модон эдлэл, торгон бөс бараа, савхин эдлэл, үндэсний хувцас, хантааз, бурам, чихэр, зөгийн бал, арвайн гурил гээд хүний хэрэгцээний бүхий л бараа бүтээгдэхүүнийг энд дэлгэжээ.
“Бадмаараг” брэндийг үүсгэн байгуулагч Г.Батжаргал:
-Анх 2008 онд “Бадмаараг” нэртэйгээр брэндээ үүсгэн байгуулж байлаа. Өрхийн үйлдвэрлэлээр эхэлсэн бизнес маань өргөжиж одоо компани болсон. Ихэвчлэн хонины ноос, ноолуураар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Үндсэн 5, цагийн 2 ажилтантай. Ихэвчлэн цагийн ажилтантай байдаг болооод удаж байгаа. Нэг талаасаа гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд, хичээл сургуульд нь хүргэж өгч авдаг завгүй бүсгүйчүүддээ цагийн ажил хийж өөрийн санхүүгээ бүрдүүлэхэд туслах, хамтран ажиллах зорилготой ийм шийдвэр гаргасан.
Манайд цагийн ажил хийхээр ирэх эмэгтэйчүүд хэзээ ч ирж болно. Өглөө эрт, өдөр, орой, шөнө. Ирээд л өөрсдийн хийж чадах ажлаа хийгээд тухайн өдрийнхөө хийсэн бүтээмжээр цалингаа аваад явдаг.
Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг нээж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Өнөөдрийн энэ чуулга уулзалт эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх чухал алхам байх болно. Бизнес эрхлэх нь хэн нэгэнд олгогдсон онцгой эрх биш, харин хүн бүр оролцох, хийх боломжтойг харуулах алхам байх болно” гэж онцолсныг энд дурдъя аа.

“Бадмаараг” брэндийн үүсгэн байгуулагч Г.Батжаргал “Санхүүгийн хувьд харьцангуй тогтвортой, ямар нэгэн өрийн сүлжээнд одоогоор ороогүй л байна. Аливаа байгууллагын санхүүгийн сахилга бат сайн байвал болно доо гэж боддог. Бид нар чинь жижиг компани шүү дээ. Тэр болгон санхүүгийн хүн аваад байж чаддаггүй. Гэрээгээр ажиллуулна. Тэр хүн нь сайн хүн таарвал болчихно, муухан нь таарвал өрөнд орно. Одоогоос 3 жилийн өмнө ийм явдал тохиолдож нэлээд асуудалтай тулгарч л явлаа” гэсэн юм.
Эднийх тавуулхнаа ажиллана. Гэхдээ татвар, тайлангийн цагаар өртөг зардал өсөж, пэйж ажиллуулж байна, фэйсбүүкт олон дагагчтай болсон байна. Тэгэхээр ашиг их олж л байгаа байлгүй гэх шалтгаанаар өртөг зардлыг нь нэмчихдэг гэнэ. Энэ нь жаахан хэцүү гэдгийг тэрээр тайлбарлана лээ.


Дараагийн бизнес эрхлэгч түүнтэй хаяа дэрлэн зогсох модон эдлэл урлаач Ж.Дуламбазар:

Модны ур, үндсээр сийлбэртэй бүтээгдэхүүн хийж байна. Шууд л модны урыг, үндсийг ухаж аваад сийлээд энд авчраад зарж байгаа юм шиг ойлгож болохгүй. Эхлээд байгальд байгаа зүйлээ сонжино, харна, бясалгана. Тэгээд авчраад хатаана, ус чийгнээс нь зөв салгаж, тосонд чанаад дахин хатаасны дараа сийлбэрээ хийнэ. Нэг л буруудвал өнөөх бүтээл маань юу ч биш болж болох учраас маш нарийн ажиллагаа шаарддаг. Жишээлбэл, чоно сийлж байна гэж бодъё. Буруудвал үнэг ч биш хярс ч биш болчихно гэлээ.


Энэхүү сийлбэр даллагын уут хадгалах сав. Модны үндсийг сийлж хангарьд, тас, бүргэд зэрэг жигүүртэн амьтны дүрсийг байгалийн өөрийнх нь өгөгдлийг өөрчлөлгүйгээр сийлж хийсэн бүтээл.
Тэрбээр хүүхэд байхдаа технологийн олимпиадад оролцож тогтмол дээгүүр амжилт гаргаж байсан нь ийнхүү сийлбэр хийх үндэс болжээ. Ганц сувениз биш давхар хэрэглээг бодолцож байнга бүтээлээ урладаг гэсэн юм.
Сүүлийн жилүүдэд мэндийн бүтээгдэхүүн хэрэглээ сүүлийн жилүүдэд өсч байгаа. Эко хэрэглээ, байгалийн органик бэлдмэл нь өвчлөхөөсөө өмнөх биеэ эрүүлжүүлэх нэг алхам болсон. “Одь тан” ХХК-ийг онцолж байна.

Бөөрний, элэгний, уушиг цэвэрлэх, зүрхний гээд төрөл бүрийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бас л сүүлийн үеийн техник технологийн дэвшлийг ашиглаж өндөр температурт ариутгаж, хөлдөөж, хатааж үйлдвэрлэдэг юм байна. Компанийн менежер Б.Урангоо “Өдөр бүр сарлагийн элэг идэж чадахгүй шүү дээ. Тэгвэл манай компани сарлагийн элгийг нарийн технологийн дагуу боловсруулаад зүрхэнд сайн ургамлын хандаар баяжуулаад капсул үйлдвэрлэж байна. Ингэснээр та ямар нэгэн гармонгүй, пестицедгүй бүтээгдэхүүнийг хэрэглэж өөрийгөө хамгаална, эрүүлжүүлнэ. Манай компанийн зорилго энэ” гэсэн юм.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн үзэсгэлэн худалдаа өнөөдөр дуусна.




