Сагсанбөмбөгийн домог, алдарт тамирчид болох Майкл Жордан болон Коби Брайнт нарын гарын үсэгтэй, 2007–2008 Upper Deck Exquisite Dual Logoman сагсанбөмбөгийн карт 2025 оны 8-р сарын 24-нд “Heritage Auctions“-ийн дуудлага худалдаагаар 12.932 сая ам.доллароор зарагдсан байна. Энэ нь спортын түүхэнд хамгийн үнэтэй зарагдсан карт болж, Дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Энэхүү картанд хоёр тоглогчийн зураг, НБА-ын өмсгөл, лого, гарын үсэг гээд бүх зүйл багтжээ. Спортын карт цуглуулагчдын дунд энэ картыг “Holy Grail” буюу хамгийн дээдийн дээд эрдэнэ гэж нэрлэдэг аж. Одоогийн байдлаар тус картыг худалдан авагчийн нэрийг ил болгоогүй байна.

Дуудлага худалдааны өмнөх үнэ нь 6 сая долларын үнэтэй байсан ч эцэстээ өсөж борлуулалтын үнэ нь өмнөх дээд амжилтаас давсан байна. Тодруулбал 1952 оны Topps Mickey Mantle-ын бейсболын карт 2022 онд 12.6 сая доллараар зарагдаж байжээ.