Болгарын София хотноо жүдо бөхийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д нийт 71 орны 551 бөх оролцож буй бол манай улсаас 20 жүдоч Дэлхийн татамид өрсөлдөнө.
Тодруулбал эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Бадар-Ууган, 60 кг-д Н.Тэгш-Очир, Б.Цолмон-Од, 66 кг-д Ч.Тэмүүлэн, 73 кг-д Б.Далайцэрэн, Б.Тэмүүлэн, 81 кг-д Б.Мөнгөндөл, -90 кг-д Н.Амартүвшин, +90 кг-д Г.Мөнхбагана нар хүч үзнэ.
Харин эмэгтэйчүүдийн 40 кг-д Б.Хулан, 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ, 48 кг-д А.Хонгорзул, А.Мишээл, 50 кг-д А.Бум-Эрдэнэ, 52 кг-ын жинд Б.Гүндэгмаа, 57 кг-ын жинд М.Цэндбазар, Г.Энхжин, 63 кг-ын жинд Х.Маралмаа, -70 кг-д Ж.Дэлгэр, +70 кг-д Б.Тэргэлнаран нар барилдана. Өсвөрийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар МУГТ Х.Цагаанбаатар ажиллаж буй.
Өнгөрсөн жил буюу 2024 онд Перу улсын Лима хотод болсон өсвөр үеийн ДАШТ-ээс Монголын тамирчид 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль мөн холимог багийн төрөлд мөн хүрэл медаль хүртэж, ганзага дүүрэн ирсэн билээ.