Б.Сарантуяа: Жорлонгийн хогны саванд нуусан тамхиа хүүхдүүд гараараа аваад, дамжуулан татаж байна


Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ч.Анар, Б.Мөнхсоёл нарын гишүүн электрон тамхи, тамхидалтын асуудлаар мэдээлэл хийж байна. УИХ 9 гишүүн санаачилсан Тамхины хяналтын тухай хуулийн төслөө УИХ-ын намрын чуулганд өргөн барина. УИХ-ын дарга 2024 онд “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсгийг О.Номинчимэг гишүүн ахалж байгаа.  

“Хүүхдэдээ өгсөн мөнгөөр өдрийн хоол авч идэж байна уу, хортой бүтээгдэхүүн аваад байна уу гэдгийг хянаач ээ. Хүүхдэдээ тамхи татаж болохгүй гэж хэлсэн атлаа хажууд нь тамхи татдаг бол болоосой. Хүүхдээ тамхи татахгүй байлгахын төлөө сэтгэл гаргаасай. Ажил гэж яваад хүүхдээ юу хийж явааг анзаарахгүй байна” хэмээн энэ хуралд оролцогчид хүслээ.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-Электрон тамхи хор багатай гэсэн буруу ойлголт эцэг эхчүүд, хүүхдүүдэд байна. Бүх тамхи яг адилхан. Янжуур тамхитай яг адилхан хортой гэдгийг шинжлэх ухааны байгууллагууд тогтоочихсон. Гадаадын олон улс электрон тамхинд жимсний амт, үнэр оруулахыг хориглолоо. Зарим улс электрон тамхи зарахыг хориглоод байна.

Монгол Улсын хил гаалиар электрон тамхийг электрон бараа гэсэн ангиллаар оруулж ирж байна. Үүнийг дэлгүүрт хүний анхаарал татахуйцаар байрлуулж, хүүхдэд зарж, хүүхдүүдийг донтуулж байна. Донтсон хойно нь эмчлэхэд маш хэцүү. Бага, өсвөр насандаа донтсон юмнаас гаргахад асар хэцүү. Ирээдүйгээ сайн сайхан байлгая гэвэл үүнд анхаарах цаг болжээ. Электрон тамхийг янжууртай адилхан авч үзэх шаардлагатай байна.

Монгол, Оросын хамтарсан 3-р сургуулийн эмч Б.Сарантуяа:

-Дэлхий нийтийг аюулд хүргээд байгаа тамхины хор хөнөөл, аюулын тухай хүүхэд багачууддаа хэлж таниулах нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, эмч бидний үүрэг. Тамхидалттай тэмцэх нь эхлээд сурган хүмүүжүүлэгчийн ажил юм шиг харагдаж байсан. Нийгмийн ажилтан, захирал, багш бүгдээрээ нийлээд хүүхдүүдэд энэ бол хортой гэдгийг хэлсэн ч дийлэхгүй, эцэг эхчүүдтэй заавал хамтрах шаардлагатай болоод байна. Утаат тамхи, электрон тамхи яг адилхан хортой гэдгийг ойлгох хэрэгтэй. Электрон тамхи арай бага хортой, тамхинаас гарахад электрон тамхи тусалдаг, никотин агуулаагүй гэсэн төөрөгдөл, худал мэдээлэл маш их цацагдаж байна. Өсвөр үеийнхэн гялгар цалгар, янз бүрийн өнгөтэй зүйлд татагддаг. Ийм буруу маркетинг явуулж, хүүхдүүдийг донтолтод хүргэж байна.

Манай сургуульд болдог бодит жишээг та бүхэнд сонирхуулъя. Дунд ангийнхны жорлонгоос электрон тамхи олдсон. Үйлчлэгч нар надад авчирч өгдөг л дөө. Жорлон доторх хогны савны ёроолоос электрон тамхи гарч иржээ. Заримыг нь цаасаар ороосон, зарим нь шууд хаясан байна. Ийм бохир газарт нуусан тамхиа хүүхдүүд дараа нь гараараа аваад, ганцаараа биш, дамжуулан хэрэглэж байгаа нь маш ноцтой. Ингэж тамхи нуун татаж байгаа нь ар гэрийн хараа хяналт сул, сэтгэл санааны хүнд байдлаас болдог гэж хүүхдүүд хэлдэг. Үүн дээр эцэг эхчүүд анхаараач ээ!

УИХ-ын гишүүн Ч.Анар:

-Электрон тамхийг хүүхдүүд 10 настайгаасаа эхлээд татаж байна. Хамгийн гол нь электрон тамхийг Тамхины хяналтын тухай хуульд хамруулдаггүй. Бид санаачилсан хуулийн төслөө намрын чуулганд өргөн барина. Үүгээр цахилгаан, электрон тамхийг янжуурын нэгэн адил зохицуулдаг болгоно.

Өнөөдөр электрон тамхийг электрон бараа гэсэн ангилалд оруулдаг. Монголд тамхи маш хямд. Янжуур 3000, электрон тамхи 10 мянган төгрөг. Энэ нь тамхидалт ихсэх шалтгаан болж байна. Тамхины хяналтын тухай хуулиар бүх төрлийн тамхины татварыг огцом нэмж, тамхидалтыг багасгах зорилготой юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Электрон тамхи ч, янжуур тамхи ч хортой. Хүүхэд залууст олдоцтой байгаа байдлыг нь хязгаарлах зохицуулалт энэ хуулийн төсөлд оруулсан.

13-р сургуулийн нийгмийн ажилтан Сугараа:

-Сургуулийн 1 ангийн 45 хүүхдээс 26 нь электрон тамхи татдаг, татаж үзсэн байна. Электрон тамхи бол нийт сургуулиудад тулгамдсан асуудал болоод байна. Хүүхдүүд яагаад электрон тамхи татдагийг судлахад, сэтгэлээ санаа таагүй, эцэг эх нь үгийг нь сонсоогүй үедээ тайвшрах гэж татаж үзсэн байдаг. Тамхи татдаг хүүхдүүдийн 30% нь электрон тамхинд донтсон байна. Нэг донтолт дараагийн донтолтыг үүсгэдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тулгамдаж буй энэ асуудлыг сургуультай хамтран ажиллаж шийдэх цаг болсон.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *