Сүүлийн үед цахим орчинд хүмүүс “Хусаад хож” гэж ятгасан лаив их хийж байна. Ийм сугалаанд оролцож залилуулсан гэх иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргах болжээ.
Цахим орчинд сугалаа танилцуулан, шууд дамжуулахад нь сугалаа авсан иргэд их хэмжээний мөнгө хожсон талаарх мэдээллийг шууд дамжуулалтынхаа үеэр хэлж, өөрөөс нь гадна мөнгө хожсон иргэд рүү хонжворынх нь мөнгийг шилжүүлж байгаа талаарх дансны гүйлгээ харуулж, иргэдэд итгэл үнэмшил төрүүлж байна.
Үүний дараа сугалаанд хожсон гэж итгэсэн иргэдэд та нийт хожсон хонжворын 10 хувийг шилжүүлснээр таны данс руу хонжворын мөнгө шилжин орно гэж төөрөгдүүлж, иргэдээс мөнгө залилж, авдаг аж.
Үүнийг залилагч урьдчилан зориудаар бэлтгэж, зохиомол байдал үүсгэн, хүмүүсийг төөрөгдүүлэн, залилдаг юм байна. Ийм сугалаанд оролцож, их хэмжээний мөнгөө шилжүүлсэн иргэдийн гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаад, энэхүү залилах гэмт хэргийг хилийн чанадад суугаа иргэд үйлдэж байж болзошгүйг тогтоожээ..
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасанчлан хуулийн этгээдийн зохион байгуулсан хонжворт сугалаанд оролцож, мөнгө хожсон тохиолдолд хонжворынхоо үнийн дүнгийн 40 хувийг татварт төлөх ёстой. Энэ мэтийг сайтар анхаарч, цахим орчинд аливаа хэлбэрээр явагдаж байгаа залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.