Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассосиацитай хамтран жил бүр зохион байгуулдаг “Mining Week & MinePro 2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт дөрөв дэх жилдээ Улаанбаатар хотын Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд 2025 оны 09 дүгээр сарын 11-13-нд болно.
Тус арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн 31 бүрэлдэхүүн компанийн төлөөлөл, 18,000 ажилтан, албан хаагчдаа төлөөлөн оролцох бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн “Эрдэнэс Монгол” нэгдэлд хамаарах 7 төсөл, нэгдлийн 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан 6 байршилд байгуулах үйлдвэрлэл, технологийн паркий бүтээн байгуулалт, ерөнхий төлөвлөгөөг танилцуулна.
“Эрдэнэс Монгол” ХХК-иас Оманы Султант улсын Хөрөнгө оруулалтын газрын Эдийн засгийн төрөлжилтийн хөрөнгө оруулалтын менежер Исса Аль Балуши, хоёрдугаар нарийн бичгийн дарга Аль Жуланда Аль Вавали нарыг хүлээн авч уулзан, ашигт малтмал, эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Засгийн газрын 14 мега төслийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлж буй аж үйлдвэрийн салбарын онцлох төслүүдээ Оманы Султант улсын Хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгчдөд танилцуулав. Тус Хөрөнгө оруулалтын газар нь уул уурхай, ложистик, ногоон дэд бүтцийн чиглэлд голлон хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд Монгол Улстай дээрх чиглэлийн төслүүдэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.