АН-ын ҮБХ өнөөдөр хуралдаж байна. Дотоод сонгуулийн хорооны 15 гишүүнээ яг одоо сонгох гэж байна. Түүний дараа АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэнэ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Намын даргын сунгаа зэрэгцээд зарлагдаж байна. Эрсдэл бол байгааг үгүйсгэхгүй. 2021 оын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН 2 тамгатай, намын даргуудыг Дээд шүүх дээр бүртгүүлэхгүй, ер нь бол Ерөнхийлөгчийн сонгууль захиалгатайгаар явагдсан шүү дээ. Бүгд мэдэж байгаа. Энэ эрсдэл давтагдах вий гэдэг болгоомжлол байгаа. Тэрийг үгүйсгэхгүй.
-Намын шинэ даргын сонгуулийг яаж явуулах вэ?
-Одоо УДШ-д бүртгэлтэй, хүчин төгөлдөр байгаа журмаараа явна гэсэн үг. Дүрэмд бол маш тодорхой заачихсан. Сонгууль яаж явагдах вэ, Дотоод сонгуулийн хороог хэрхэн байгуулах вэ, ямар шаардлага хангасан хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэх вэ, ҮБХ-нд дээр саналыг яаж хураах, их хурал яаж ёсчлох вэ гээд маш тодорхой байгаа.
-Дараагийн дарга АН-ын өмнө ямар үүрэг гүйцэтгэх вэ?
-Би бол дараагийн АН-ын даргад 5 зарчим баримтлах ёстой гэж харж байгаа. Бид хаширсан. Хуваагдаад, бусдын идэш болдгоо мэдсэн. Тиймээс дараагийн дарга бол АН-ын эв нэгдлийг хангахуйц, жаахан зангарагтай, туршлагатай хүн байгаасай гэж хүсэж байгаа.
2-рт, АН ялах ёстой. Байнга ялагдаж, эсвэл хэн нэгний хатавчинд сууж болохгүй. Ардчилал өөрөө бэрхшээлтэй байгаа. Энэ улс оронд дарга нарын засаг тогтчихоод байгаа. Ийм засаглалын хэв маягийг зад татахын тулд АН ялдаг нам байх ёстой. Тийм учраас дараагийн АН-ын дарга бол АН-ын ялуулагч менежер байх ёстой.
3-рт, АН дараагийн даргаасаа 1 зүйл хүсэж байгаа. АН сүүлийн 15 жил будилсан. Үнэт зүйлээсээ жаахан холдсон. Нөгөө хүний эрхийг хамгаалдаг, хувийн өмчийг хамгаалдаг, бизнес эрхлэчдийг дэмждэг, хуулийг хүн шиг биелүүлэхийн төлөө зүтгэдэг үнэт зүйлүүдээсээ, баруун төвтэй зарчмаасаа холдсон. Социалист, фашист, заримдаа гадны гар хөл болоод байгаа юм шиг зүйл рүү очсон. Үүнийгээ бид тас цохих ёстой. АН-ын дараагийн дарга бол үнэт зүйлийнхээ хувьд манлайлагч байх ёстой шүү.
4-рт, энийг хийхийн тулд сөрөг хүчнийхээ ажлыг хийнэ шүү. Эрх баригчдыг дагаж гүйдэг, тэдний халаасанд ордог, тэдний ярьсан яриаг энэ нам дотор орж ирж БЭТ царайлдаг байхаа болих ёстой шүү. Тийм учраас АН-ын дараагийн дарга бол зоригтой, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэдэг манлайлагч байх ёстой.
5-рт, АН 1 үүд нээх ёстой. Үнэхээр цаг өөрчлөгдсөн, Шинэ, залуу үеийг энэ нам дотор оруулж ирэх ёстой. Бугшсан, энэ намыг эзлээд суучихсан, би салахгүй гэж бодож яваа хүмүүсээсээ зоригтой салах ёстой.
Ийм 5 зарчим баримталж чадах даргатай болоосой гэж хүсэж байна.
-Ямар хүн дарга болохоос АН-ын нэр хүнд бас шалтгаална.
-Одоо явж буй процесс, нэр дэвшилтийг харвал уул уурхайн бизнестэй хүн алга. Хуйвалдаан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй, гадны гар хөл болдог хүмүүсийг шүүрдэж чадах ҮБХ, гишүүд цугларч байгаа учраас энэ намыг хэл ам руу чирээд орох дарга гарч ирэхгүй байх гэж итгэж байна.
-Та нэрээ дэвшүүлэх үү?
-Би намын даргад нэрээ дэвшүүлэхгүй. Гэхдээ би сөрөг хүчний буюу АН-ын ирэх жилүүдийн хатуу сорилтод зогсох хэмжээний тэвчээртэй, зоригтой байгаа.