АН-ынхан ардчилал нэрийн дор арсалдахаа больсон юм даг уу даа


Гол сөрөг хүчний хувьд АН-ын дараагийн дарга хэн болох вэ гэдэг нь ардчиллынханд төдийгүй, ард түмэнд ч хамаатай асуудал юм. 8 настай балчраас эхлээд, 80 настай буурай нь хүртэл улстөрждөг Монголд АН-ын дарга хэн болох нь сонирхолтой төдийгүй чухал асуудал. Лу.Гантөмөрийг даргын албаа дараагийн хүнд нь өгөхөө илэрхийлснээс хойш горилогчид нойргүй хонож, олон нийт чих тавьж ирлээ. Хүлээсэн өдөр ирэв. АН-ын ҮБХ хуралдав.

Хэлсэндээ хүрдэг хүний ёсоор Лу.Гантөмөр АН-ын даргын албаа хүлээлгэн өгөхөөр, ҮБХ-ндоо өчигдөр өргөдлөө өглөө. Тэр АН-ын даргын суудалтай зууралдсангүй.

Дүрмээрээ бол тус намын ҮБХ-нд 504 гишүүн байх ёстой. Өнгөрсөн хугацаанд гишүүд дүрмийн дагуу хасагдсаар одоо 363 гишүүн уг хороонд үлджээ. Баянхонгор аймаг гэхэд 2, Сүхбаатар аймаг 4 гишүүнтэй үлдсэн аж. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа энэ намын ҮБХ хуралдаагүй, гишүүдээ шинэчлээгүй нийт гишүүний 28%-ийг яаралтай нөхөн сонгох хэрэгтэй болсон байна.

Хурал эхлэхэд 247 гишүүн ирж, ирэх ёстой гишүүдийн 68%-ийн ирцтэйгээр ҮБХ хуралдав. Олон нийтийн сонирхлыг, тус намын гишүүдийн анхаарлыг хамгийн их татаж байсан Х.Баттулга ирсэнгүй. УИХ-ын чуулганд огт суудаггүй, байнгын хорооны хурлыг байнга тасалдаг энэ хүн намынхаа хурлыг ч тоосонгүй. Тэгсэн атлаа тэр сонгуульт албан тушаал бүрт сонгогдож, АН-ын ҮБХ, УИХ, Өргөдлийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо гээд юм юмны гишүүн болж явдаг. Хороодод түүнийг хуваарилсан гэхэд АН, УИХ-д хуваарилаагүй, тэр өөрөө хүсэж, зорьж гишүүн болсон шүү дээ. Тэгсэн атлаа тэрийгээ компанийнхаа ажлын дайнд ч тоодоггүй.

УИХ-ын чуулганд огт суудаггүй, байнгын хорооны хурлыг байнга тасалдаг энэ хүн намынхаа хурлыг ч тоосонгүй

Ерөнхийлөгчөөр ажиллахдаа л ажилдаа очиж байсан байх шүү. Энэ тухай Б.Хурц “Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн хэзээ ч АН-ынхныгаа хүндэлж хуралдаа ирдэггүй шүү дээ. Хүндэлдэггүй ш дээ. Өөрийн харанхуй хар массыг л дагуулж давхидаг хүн. Энэ үүдээр орж ирэх нүүргүй шүү дээ, энэ хүн” гэж хэлсэн л дээ.

Энэ хурлыг хуучин дүрмээрээ явуулах уу, шинэ дүрмээр явуулах уу гэдэг асуудал үүсэж, УДШ-д очоод бүдрэхгүй байхад тус намын зарим гишүүн анхаарч, ҮБХ-оогоороо дүрмээ ярилцъя, их хурлаараа даргаа сонгоё гэсэн санал гаргасан. Үүгээр явбал дүрмээ шинэчилж, УДШ-д бүртгүүлээд, дараа нь ҮБХ-г шинэчилж зохион байгуулна. ҮБХ-г дахин хуралдуулж, Лу.Гантөмөр тэнд өргөдлөө өгнө. Тэгээд их хурлаа хийнэ. Ингэвэл цаг их орох учир одоо хүчин төгөлдөр байгаа, УДШ-д бүртгэлтэй дүрмээрээ ҮБХ, их хурлаа хуралдуулан, дүрмээ шинэчилж, даргаа сонгохоор тогтжээ. Үүнийг эсэргүүцэх гишүүн ҮБХ-ны хурал дээр гараагүй гэнэ.

УИХ-ын сонгуулиар 15 аймаг, 8 дүүрэгт ялагдсан АН ялдаг нам болохын тулд дүрмээ сайтар хэлэлцэж, хуудуугүй дүрэмтэй болох ёстой. Өнгөрсөн хугацаанд дүрэм тодорхойгүйгээс болоод 2 даргатай, 2 тамгатай, УДШ-д бүртгэлгүй 2 жил явж үзсэн энэ намынхан дахин тийм юм хүсэхгүй байна. Тэр нь ч мэдээж. 200 мянган гишүүнийхээ үгийг сонсож, саналыг авсан болохоор шинэ дүрэм дажгүй болно гэдэгт тус намынхан итгэлтэй байна.

УИХ-ын сонгуулиар 15 аймаг, 8 дүүрэгт ялагдсан АН ялдаг нам болохын тулд дүрмээ сайтар хэлэлцэж, хуудуугүй дүрэмтэй болох ёстой

АН-ын дүрэмд орсон хамгийн гол өөрчлөлтийг 2017 онд ЕТГ-ын дарга З.Энхболд даргатай комисс оруулжээ. Тэдний боловсруулсан дүрэмд түүнээс хойш нийт 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Одоо бол Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу дүрмээ өөрчлөн шинэчлэх шаардлагатай болоод байна. Уг хуулийн дагуу 1-рт, намын санхүүжилтийг олон нийтэд нээлттэй ил тод болгоно. 2-рт, улс төрийн намыг 1 хүн, хэсэг бүлэг удирддаг байх ёсгүй. Намын гишүүд хамтдаа удирдах тогтолцоо бүрдүүлэх ёстой. 3-рт, намын бодлого, шийдвэр олон нийтэд ил тод байх шаардлагатай.

Үүний дагуу АН-ын одоогийн үндсэн дүрмийн 40%-ийг өөрчлөх шаардлага үүссэн байна. АН 2025.02.03-нд үндсэн дүрмээ шинэчлэн боловсруулах ажлын хэсэг гаргаж, 3 сарын хугацаанд шинэчилсэн төслөө боловсруулжээ. Уг төслийг өнгөрөгч 5 дугаар сард 21 аймаг, 9 дүүрэг дэх АН-ын нийт гишүүдээр хэлэлцүүлж, саналыг нь авсан байна. Үүнийгээ тус намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл энэ 7 хоногт хэлэлцэж, ҮБХ-ндоо шилжүүлэв.

Ааг омгоо хүний эрх гэж андуурч, ардчилал нэрийн дор арсалдаж явдаг тус намынхан энэ удаад үнэхээр шинэчлэл хүсэж, алсыг харж яваа бололтой

Ганц нэг хүнийг эс тооцвол АН-ын ҮБХ-ны хурал аядуу болж, асуудлаа тайван хэлэлцэв. Ааг омгоо хүний эрх гэж андуурч, ардчилал нэрийн дор арсалдаж явдаг тус намынхан энэ удаад үнэхээр шинэчлэл хүсэж, алсыг харж яваа бололтой. Аятайхан байхгүй бол АН-ын алсын зураг аймаар байх нь хэнд ч тодорхой. Аятайхан байвал АН алсдаа цахиур хагалах нь ч ойлгомжтой. Ирээдүй нэгэнт илхэн байгаа хойно асуудлаа аятайхан хэлэлцээд, арга шийдлээ олохоор хүн бүр л хичээж байх шиг.

Нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй төмөр зам тавьдаг, МАН-ын дохиураар хөдөлдөг хүмүүсээсээ энэ намынхан салахыг хүсэж байна. Сөрөг хүчний нүдийг боож, амыг нь хамхин, халаасандаа хийж байгаад, нийтийн төсвийг идэх гэсэн нэг хэсэг бүлэглэл АН-ыг авахаар байдгаараа тэмцэлдэж байна. Үүний эсрэг АН энэ удаад зогсохоор тэмцэж байна. Тэмцэл нь хаана хүрч, юу болж дуусах юм байгаа юм. Бүгдээрээ хараад, АН-ын захыг мушгиж сууя даа.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *