Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өчигдөр гишүүдийн 83 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Хурлын эхэнд хэлэлцэх асуудлын тов, дараалал, хурлын дэг зэрэг зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн тогтов.
Үүгээр тус намын дарга Лу.Гантөмөр намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, түүнийг хэлэлцэн, хүлээж авчээ. Дараа нь намын даргын сонгуультай холбоотойгоор Үндэсний бодлогын хорооны Дотоод сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхын саналаар намын дараагийн даргын сонгуулийг ням гарагт хэлэлцэхээр тогтсон байна. Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийг энэ хурлаар хэлэлцэж байна.