АН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөр Б.Отгонбат сая Дотоод сонгуулийн хороонд мөрийн хөтөлбөр, холбогдох бусад материалаа хүлээлгэн өглөө.
АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат:
-Би 2008 онд Дорнод аймагт АН-аас УИХ-д нэр дэвшсэн. Тэрнээс хойш АН-д 18 жилийн турш ҮБХ-ны гишүүнээр ажилласан. Өнөөдөр нэр дэвшиж буй гол шалтгаан бол АН хүчтэй сөрөг хүчин болох түүхэн хугацаа ирлээ. Үүнд 70, 80 оны, АН-д олон жил зүтгэсэн залуучууд дуу хоолойгоо илэрхийлэх ёстой. Ингэж байж өнөөдөр Монгол Улсад тулгараад байгаа олон асуудлыг шийднэ.
Би өнгөрсөн 2 жилд АНУ-ын Пенселваний их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Сүүлийн 2 жилд завгүй байсан. Тэнд сурсан эрдэм, судалгаагаа намын бодлого болгоё. Цаашдаа АН бодлогын нам болъё. Өнөөдөр бид толгойд орсон юмаа мэдрэмжээрээ яриад баймааргүй байна. АН ямар бодлого гаргаж ирэх гээд байгаа юм. Эдийн засгийг яаж сайжруулах гээд байгаа юм. Өнөөдөр төрийн дарамт маш их байна. Бизнес хийх үнэхээр хэцүү байна гэж бизнес эрхлэгчид ярьж байна. Олон мянган залуус Монголоос явахыг хүсэж байна.
Авлига, утаа, ажилгүйдэл, ядуурлыг АН эргүүлж чадна. Тийм учраас би АН-ын даргын албан тушаал гэхээсээ үйлчилье гэж байгаа юм. Юм хийе, ажил хийе гэсэн дуудлага юм гэсэн итгэл үнэмшил төрж байгаа учраас албан ёсоор нэр дэвшиж байна.