УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвших хүсэлтээ ҮБХ-ны Дотоод сонгуулийн хороонд сая өглөө.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-1992 онд АН-д элсэж, батлахаа авч, сумандаа ухуулагч хийж эхэлснээс хойш энэ намын төлөө зүтгэх сайхан боломж ирсэн. Улс төрд идэвхтэй оролцох үе бол 2009-2012 онд Ховд амйгийн АН-ын даргаар ажиллаж, Ховд аймагт энэ намыг анх ялалт байгуулах үүдийг нээсэн. ГИХАЭГ, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж, монголчууд өөрсдийнхөө сайхан амьдрах боломжийн төлөө ажиллаж байлаа. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 3 сонгууль дараалан ялж, ард түмнийхээ хэлж дамжуулсан захиасыг Монгол төрийн хууль, бодлого болгохын төлөө ажиллаж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд өнөөдрийн эрх баригчдын аливаа буруу шийдвэртэй байнга тэмцэж ирсэн. АН-ын даргад нэр дэвшихдээ би 3 зүйлд голлон анхаарч ажиллана. Чөлөөт зах зээлийг шинэ шатанд гаргах ажлыг, баруун төвийн үзэл баримтлалаар ажиллана. Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт төрийн оролцоо хэтэрхий их болсон. Нийт эдийн засгийн 40% нь төсвөөр дамжиж, 30% нь төрийн өмчит компаниар дамжиж хэрэгжиж байна. 10% нь дарга нарын голцуу, төсвийн хөрөнгөөр ажил хийдэг 5000 компанийн эдийн засаг. Монголын нийт эдийн засгийн 75% нь төсөв, төрийн өмчийн компани, дарга нарын компанитай холбоотой болчхоод байгаа. 25% дээр Монголын эдийн засаг явж байгаа. Иргэдийн амьдрах боломжийг төр авсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт шилжсэн орон болчхоод байгаа.
Тийм учраас татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй ашиглах ялангуяа Дэлхийн улс орнууд хувийн хэвшлээр дамжиж, хувийн хэвшил рүүгээ, чөлөөт зах зээл рүүгээ дэмжсэн бодлого явуулсан улс орнууд хамгийн үр дүнтэй хөгжиж байгаа. Гэтэл өнөөдөр татвар төлөгчдөөс авч буй татвар төсвөөр дамжин, дарга нарын халаас руу орж, алга болж байгаа. Тиймээс данхар төрийг байхгүй болгох, цомхон болгох ёстой. Төр өнгө орж гялалзах тусам ард иргэдийн амьдрал муудаж, аж ахуйн нэгжийн орлого багасдаг.
2 дахь зүйл бол хариуцлага. 9 жилийн туршид МАН үнэмлэхүй олонхоор засаглахдаа энэ Монгол Улсын ард иргэдийн боломжийг хумьсан. Ард түмэнд ирэх ёстой байсан боломжийг бүгдийг нь хулгайлсан он жилүүд боллоо. Төсвийн хулгай, ЖДҮ-ийн хулгай, ковидын хулгай, нүүрсний хулгай, ногоон автобусны хулгай гээд маш олон хулгайг өнгөрсөн хугацаанд хийсэн. Энэ бүхэндээ хариуцлага тооцож байгаа зүйл өнөөдрийг хүртэл байхгүй байна. Нүүрсний 400 долларт хүрсэн гайхалтай үед эдийн засагт асар ихээр орсон орлогыг яаж хулгайлж, алга хийснийг та бүгд мэдэж байгаа.
Нэг нэгэндээ хариуцлага тооцож чадахгүй МАН 2028 онд АН ялалт байгуулснаар төрийн нэрээр хулгай хийсэн хулгайч нарт маш хатуу хариуцлага тооцох болно гэдгээ хэлье. Хулгайн мөнгө жимтэй. Хулгайлсан мөнгө мөртэй. Энэ бүхэн дээр МАН-д хариуцлага тооцно.
Чөлөөт зах зээлийг, үг хэлэх, хэвлэн нийтлэх, улс төрийн, эдийн засгийн эрх чөлөөг бүрэн авчрахын тулд, АН-ыг ялуулахын төлөө та бүхэнтэй хамтарч ажиллах болно оо.
-АН хагаралдаад удаан явлаа. Үүн дээр Та яаж ажиллах вэ?
-2012-2016 онд АН асар их бүтээн байгуулалт хийснийг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Гэсэн ч АН-тай сонгогчид хариуцлага тооцсон нь бидний эв нэгдэлгүй байдал, засгаа унагасантай холбоотой. Эв нэгдлээ хангаад ир гэж 2016 оны сонгуулиар ард түмэн дүн тавьсан. Эв нэгдлээ өнгөрсөн сонгуулиар хангаж чадсангүй.
Жирийн ард түмэн энэ тал дээр намайг үргэлж дэмждэг. Хүн бүр ард түмнийхээ дунд орж ажиллаж, болохгүй бүтэхгүйг хэлж ярьж, хөдөлмөрлөсний үр дүнд энэ эв нэгдэл эргэж ирнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.
–Хамтарсан ЗГ-ын ажлыг та юу гэж дүгнэх вэ. Сөрөг хүчний хувьд цаашид яаж ажиллах вэ?
-Энэ их боломжийг хулгайлсан МАН-тай хариулцага тооцох нь суманд байгаа жирийн ард иргэдийн хүсэл. Хариуцлага тооцохгүй илээд өнгөрөх нь цаашид хортой. 1 нам хулгай хийгээд, нөгөө нам нь хаацайлаад байж болохгүй.
Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг хамгийн их шүүмжилсэн хүн нь би. Томоохон төсөл, хөтөлбөрийг нь дэмжсэн зүйл ч бий. Оюун-Эрдэнийн ЗГ сайн ажилласан уу, дотоод зөрчлөөсөө болж огцорсон уу гэдгийг та бүхэн харсан. Би огцруулах талд санал өгсөн.
-АН ялбал юу хийх вэ?
-2028 оны сонгууль бол хариуцлага тооцох хамгийн том боломж байх болно. Үүнд АН манлайлж ажиллах болно.