Ж.Баярмаа: Би манлайлдаг дарга байна


УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээр “Хүчтэй сөрөг хүчнээс чадварлаг манлайлагчийн төлөө” мөрийн хөтөлбөр, холбогдох бусад материалаа Дотоод сонгуулийн хороонд өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Миний энэ сонгуульд оролцож буй шалтгаан маш тодорхой. Улс төрийн нам сонгуульд ялалт байгуулж, улмаар засаглах. Ердөө энэ. Яаж засаглах вэ гэхээр өөрийнх нь үнэт зүйл, үндсэн дүрэм. Түүн дээр л бид нэгдсэн. Бидний үнэт зүйл энэ. Бид шатар сонирхдог учраас нэгдээгүй. Хөлбөмбөг сонирхдог учраас нэгдээгүй. Бид баруун төвийн үзэл баримтлалтай нам. Энэ онолыг бид зохиогоогүй. Баруун төвийн нам бодлогын ямар шийдэл баримталдаг нь тодорхой. Үүнийг Дэлхийгээс заагаад өгчихсөн.

Энэ бүх үзэл баримтлалд тулгуурласан зорилгоо хэрэгжүүлэх зорилгоор бид оршиж байгаа. Үүнийг манлайлах гэж энэ сонгуульд оролцож байна. Би дарга болбол манлайлдаг дарга байна. Гэхдээ ганц даргаас бүх зүйл хамаарахгүй. АН өөрөө нам шиг нам байж засаглаж чадна.

Үүний төлөө л миний бие явж байгаа. Одоо бид харамсалтай нь сөрөг хүчин. Сөрөг хүчний хийх ажлыг ч цаанаас нь заагаад өгчихсөн. Түүнээс биш “Бидний цаг ирэхээр хийнэ” гээд суухгүй. Ардын намыг шахаж ажлыг нь хийлгэнэ. Зөвийг нь дэмжээд явна. Бурууг нь асар хүчтэй шүүмжилнэ. Буруу, бурангуйг нь таслан зогсоохын төлөө явна. Ялдаг намын төлөө стратегиэ хамтдаа боловсруулна. Үүний үндсэн дээр бид 2028 онд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *