О.Цогтгэрэл: Би Ерөнхийлөгчтэй уулзаагүй


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл АН-ын даргад өрсөлдөхөөр өнөөдөр 11:40 цагт Дотоод сонгуулийн хороонд “Шинэ Монголоо цуг бүтээнэ” мөрийн хөтөлбөр, холбогдох бусад материалаа өглөө.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Би АН-д гишүүнээр элсээд 25 жил болж байна. ҮБХ-ны гишүүнээр сонгогдоод 10, УТЗ-ын гишүүнээр 8 жил, сүүлийн 2 парламент дамжин АН-ын бүлгийн даргаар ажиллаж байна.

Сая мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хүлээлгэж өглөө. Ер нь АН-ын сонгууль сунгаанд оролцоод, цаашдаа АН төрийн сонгуульд амжилттай оролцохын тулд, амжилттай оролцоод төрийн сонгуулиар эрх барих, засаглах эрхээ авбал юу хийх юм бэ гэдэг бодлогоо тодорхой хэмжээнд танилцуулах ёстой. Манай нөхөд зөвлөлдөөд, бодлогын баримт бичгээ гаргасан. Шинэ Монголоо цуг бүтээнэ. Бүхий л салбарт олон том шинэчлэлт, өөрчлөлт хийхээр хуримтлагдан, хүлээгдэж байгаа. Үүнийг гагцхүү АН хийж чадна гэдэгт би эргэлздэггүй.

Өнөөдөр Монгол Улсад тулгамдсан асуудлын 1-рт ядуурал. Хүн амын 30%, 3 хүний 1 нь ядуу байна. Дахиад 3 хүний 1 нь ядуурлын шугамд орйхон байна. Хүн амын 60-70% нь ядуу байгаа улсад юун эрүүл мэнд, боловсрол, бүхий л зүйл болохоо байчхаад байна. Үүний цаана ардчилсан тогтолцоо эмзэг байдалд, итгэл алдах байдалд орчхоод байна.

АН ялах ёстой. Ялсан шиг ялаад, засагласан шиг засаглах улс төрийн хэрэгцээ шаардлага байна. Тэгвэл АН яагаад ялж чадахгүй байгаа юм бэ? Үүний үндсэн шалтгаан нь АН улс төрийн систем болж чадсангүй. АН мундаг лидерүүдтэй. АН-ыг тугаа болгосон мундаг залуучуудтай. Машинаар бол эрээвэр хураавар баахан олон зүйл угсарчихсан. Баруун талын дугуй нь том, зүүн талын дугуй нь жижиг. Барууны мотортой, социалист кабинтай. Энэ бүхнийг бид өөрчилж, яг өөрийнхөө өнгө төрхийг тодотгож гаргаж ирэх шаардлагатай. Ийм цаг үед АН ардчиллын 35 түүхийнхээ цэг дээр зогсож байна. Шинэчлэгдсэн АН энэ бүхнийг хийж чадна.

-АН-ын дараагийн даргыг эрх баригч нам захиалсан гэх юм. Та үүнд ямар хариу өгөх вэ?

-Үеийн үед “Тэр энийг захиалжээ. Тэр ингэжээ” гэдэг. Аа харин өнөөдөр АН аль 1 улс төрийн хүчнээс үл хамаараад, төр засгаас үл хамаараад, өөрөө өөрсдөө шийдвэрээ гаргаад, Улс төрийн намын хуульд нийцүүлээд, бусад намаас эхлээд асуудлаа ярьж чадаж байна гэдэг нь бид хэнээс ч хамааралгүй явж байгаагийн, хэн нэгний дохио зангаагүй явж байгаагийн илэрхийлэл байх аа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг миний хувьд огцрох ёстой гэдэг байр суурьтай байсан. Нөгөө талаас бас янз бүрийн л зүйл ярьдаг байх. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ЗГ-ын үед Монгол Улсыг талцал хуваагдлаар, айдас хүйдсээр удирдах систем угсарч ирснийг би буруу гэсэн байр суурьтай хандаж ирсэн.

-Ерөнхийлөгч тантай ямар асуудлаар уулзсан бэ?

-Би Ерөнхийлөгчтэй уулзаагүй. Увс аймгийн ойд Ерөнхийлөгчийг очиход л ёслолын арга хэмжээн дээр таарсан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *