С.Эрдэнэболд: АН-ын даргыг аль 1 нам, хүчин, мөнгө, ашиг сонирхол шийдэх боломж үгүй


Ардчилсан намын даргын сонгуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн, ҮБХ-ны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд тэргүүтэй гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, ҮБХ-ны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд:

-Энэ цаг хугацаа бол эрх чөлөөний эргэлт авчрах түүхэн цаг хугацаа гэж бид үзэж байгаа юм. АН 2025.08.28-ны өдөр төлөөллийн төв байгууллага болох ҮБХ-гоо хуралдуулсан. Үүгээр АН-ын удирдлагыг сонгох асуудлын хэлэлцэн шийдвэрлэсэн. Өнөөдөр 11:40-18:00 цагийн хооронд АН-ын даргад нэрээ дэвшүүлэх нэр дэвшигчдийг бүртгэж авна. Улс төрийн намын тухай хууль, АН-ын үндсэн дүрэм, ҮБХ-ны 2023 оны 23/9 тушаалаар баталсан намын дарыг сонгох журмын дагуу АН-ын даргыг сонгох сонгуулийг бид зохион байгуулахаар бэлтгэж байна. Намын үндсэн дүрэм болон намын даргыг сонгох журамд заасны дагуу АН-ын ҮБХ-нд сонгуульт гишүүнээр 4-өөс доошгүй жил ажилласан, АН-ын гишүүн АН-ын даргад нэрээ дэвшүүлэх эрхтэй. Энэ шаардлагыг хангасан хүн холбогдох материалаа бүрдүүлж, 18:00 цагаас өмнө бидэнд авчрах боломжтой.

Дотоод сонгуулийн хороо 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байна. Эд бол ҮБХ-ны гишүүд. Бид намын Дотоод сонгуулийн хороотойгоо хамтран ажиллаж байгаа.

Хамгийн чухал зүйлийг онцолъё. АН-ын даргын сонгууль түүхэн хариуцлагатай, асар эгзэгтэй цаг үед болж байна. Улс төрийн сонгуульд 3 дараалан олонх болоогүй бид эв нэгдлээс инститүц гэсэн зарчмаар өнгөрсөн хугацаанд ажилласан. Дараа дараагийн сонгуульд иргэд, олон нийтийн дэмжлэгийг авч, итгэлийг нь хүлээж, хүндэрсэн эдийн засагтаа сэргэлт авчрах, иргэддээ эрх чөлөөг нь буцааж авчрах улс төрийн хүчирхэг инститүц болохын төлөө бид ажиллана. Энэ манлайллыг түүчээлж авч явах багийг, тэр лидерийг буюу намын даргыг сонгох сонгууль түүхэн хариуцлагатай гэж бид үзэж байгаа юм.

Өмнөх сонгуулиуд өөр өөр дүрмээр зохион байгуулагдаж байсан. Энэ удаагийн онцлог бол ҮБХ-ноос сонгууль явуулах юм. Өнөөдөр 18:00 цагаас өмнө нэр дэвшигчид материалаа өгч, тэр нь журмын дагуу шаардлага хангасан эсэх дүгнэлт гаргаж, шаардлага хангасан нэр дэвшигчид мандат олгоно.

8-р сарын 31-ний өдөр ҮБХ үргэлжлүүлэн хуралдаж, сонгууль явуулахаар товлосон.

-АН-ын даргад нэр дэвшигчдийн нэрс хэзээ тодорхой болох вэ?

-19:00 цагийн байдлаар шаардлага хангасан эхний хүмүүсээ тодорхой болгоно. Шаардлага хангасан хүмүүст мандат гардуулна.

Бидэнд бас гашуун туршлага бий. Тэр утгаараа бид бүхий л хурал, шийдвэрээ цаасан болон аудио, видео хэлбэрээр баримтжуулж, баталгаажуулж байгаа.

Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртэй байх уу. Түүнийгээ хаана танилцуулах вэ?

-Нэр дэвшигчид ҮБХ-нд шаардлага хангасан мөрийн хөтөлбөрөө танилцуулж, өрсөлдөнө. Ялалт байгуулсан нэр дэвшигчийг намын их хрулаар батламжилна. Олон нэр дэвшигч гарсан тохиолдолд 2 болон 3 шаттай өрсөлдөөн гарч болно. Түүнийг зохицуулах зохицуулалт байгаа. 10%-аас доош санал авсан нэр дэвшигч хасагдаж, түүнээс олон саналтай нь дараагийн шатанд өрсөлдөнө.

-Нэр дэвшигчдийн материалыг хэрхэн шалгах вэ?

18:00-19:00 цагийн хооронд нэр дэвшигчдийн материал гүйцэд эсэх, намын дүрэм болон дарга сонгох журамд нийцэж буй эсэхийг дүгнэнэ. Мөрийн хөтөлбөр нь АН-ын үндсэн дүрэм болон үзэл баримтлалд нийцэж буй эсэхэд дүгнэлт гаргана. 2019.01.11-ний өдөр АН-ын үзэл баримтлалыг бүртгүүлсэн. 5 эрх чөлөө бий. Үүнтэй мөрийн хөтөлбөр нийцэж буй эсэхийг хянана. Цомхон төр, иргэдийг татвараар дарамталдаггүй, нээлттэй эдийн засаг, чөлөөт нийгмийн үзэл санаа, эерэг хандлага бий болгох реформд нийцэж буй эсэхийг хянана гэсэн үг.

-АН-ын дараагийн даргыг эрх баригч нам захиалсан гэдэг мэдээлэлд албан ёснй тайлбар өгнө үү?

-АН-ын даргыг ҮБХ-ны 393 гишүүн шийднэ. АН-ын даргыг аль 1 нам, хүчин, мөнгө, явцуу ашиг сонирхол шийдэх боломж үгүй. Нийгэмд элдэв хардлага байж болно. АН угаасаа нээлттэй, ил тод. Бид ард түмнээсээ, иргэдээсээ юугаа ч нуухгүй явж ирсэн. Хардлага мэдээж байж болно. Бид бол хуультай улсын түүхтэй нам юм.

Өнөөдөр АН-ын 200 мянган гишүүн дотор ачаа үүрэх хаттай, өөрийн гэсэн үнэт зүйлтэй мянга мянган залуус, охид, хөвгүүд байгаа юм. Энэ өрсөлдөөнийг чин шударгаар явуулахаар энэ 15 хүн ажиллаж байгаа юм.

Мөнхбаясгалан гишүүн өчигдөр “Зурсан зургаараа явах гэж байна” гэж ярьсан шүү дээ.

-Хэн ч АН-ын талаар нээлттэй ярих эрхтэй. АН-ын хаалга хүн бүхэнд нээлттэй. Их хурлаараа 1300 хүний баталсан дүрмийн дагуу энэ сонгууль явж байгаа. Энэ дүрмийг баталсан хүмүүс бол Монгол Улсын 21 аймаг, 330 сум, 1500 баг, 9 дүүрэг, 150 гаруй хорооноос сонгогдсон хүмүүс. УДШ-д бүртгэлтэй дүрмээрээ бид сонгууль явуулна. Аль 1 хүн, субьектив хандлагад зориулж дүрэм өөрчлөх боломжгүй.

3 дараалан цөөнх болсон АН-д даргын асуудал бол зөвхөн 1 намын даргын асуудал биш юм. Нийгмээ харъя. Асуудал нь улирлын чанартай. Энэ улсын төсөв эдийн засагт, амьдралд ямар дарамт үзүүлж байна. Дарга нарын тансаглал, дарга ангийн данхайрал хэрээс хэтэрсээр байгаа. Тийм ч учраас АН-ын даргын сонгууль бол ардчиллыг буцаан авчрах ард түмний дуудлага гэж бид харж байгаа. Хариуцлагатай инститүц болоход энэ удаагийн намын даргын сонгууль түүхэн үүрэгтэй.

Дүрэмдээ ямар өөрчлөлт оруулав?

-2025.12.31-ний дотор бүх нам хурлаа хийж, дүрмээ Улс төрийн намын хуульд нийцүүлэх шаардлагатай. АН ч дүрмээ энэ хуульд нийцүүлэх чиглэлд явна. Сонгуулийн араас ҮБХ болон шат шатны хороогоо шинэчлэн зохион байгуулна.

Улс төрийн намын санхүүжилт тодорхой байх ёстой. Хэний ямар мөнгөөр сонгууль хийж буйг ил тод болгох ёстой. Сонгогдох, сонгогдох, томилогдох албан тушаалд мөнгөний нөлөөг бага байлгая гэвэл реформын чанартай шинэчлэл хийх ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *