БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XV мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.
Өнөөдөр алба хаагчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа боллоо.
Эдгээр үүрэг гүйцэтгэх 15 алба хаагч нь төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн 2 офицер, 13 ахлагч нар юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дэлхийн энх тайвныг тогтоох их үйлсэд 2012 оноос хойш үүрэг гүйцэтгэж байна. Үе, үеийн энхийг сахиулагчдын алдар нэр, байгуулсан гавьяа өнөөдрийн амжилтыг бий болгосон. Тиймээс та бүхэн албаныхаа болоод эх орныхоо нэрийг өндөр өргөж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд сайн яваад ирээрэй” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.
Энэ үеэр XV ээлжийн бүрэлдэхүүнийг ахалж яваа Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Т.Өнөрбекд Онцгой байдлын байгууллагын тугийг хүлээлгэн өгч, үүрэг гүйцэтгэх алба хаагчдад шаардагдах хувцас хэрэгслийг гардууллаа.


