АНУ-ын давж заалдах шатны шүүх Трампын тогтоосон ихэнх тариф холбооны хуулийг зөрчсөн гэж үзжээ


АНУ-ын холбооны давж заалдах шатны шүүхээс тус улсын ерөнхийлөгч Д.Трампын өнгөрөгч 4-р сард зарлаж, улмаар дэлхийн улс орнуудад ногдуулсан импортын нэмэлт татвар буюу тарифын ихэнх нь холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, хууль бус арга хэмжээ гэдгийг тогтоосон байна.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 7:4 гэсэн саналаар өнгөрсөн баасан гарагт Трампын тарифын ихэнх нь хууль бус болохыг тогтоосон боловч ирэх 10-р сарын дунд хүртэл тарифыг зогсоолгүй хэвээр нь үлдээхээр шийдвэрлэжээ.

Энэ нь Д.Трамп болон түүний хуульчдад уг асуудлаар АНУ-ын Дээд шүүхэд давж заалдах хугацаа олгож байгаатай холбоотой ба АНУ-ын ерөнхийлөгч дээрх шийдвэртэй холбогдуулан Дээд шүүхэд давж заалдана гэдгээ ч мэдэгдсэн байна.

Тэрээр энэ талаарх мэдэгдэлдээ “давж заалдах шатны шүүх тарифыг зогсоох ёстой гэж маш буруу хэлсэн, миний бие АНУ-ын Дээд шүүхийн тусламжтайгаар шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдах болно” гэжээ.

Ийнхүү давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэр Трампын засаг захиргааны худалдааны бодлогод ахин нэг томоохон цохилт өгч, хэрвээ Дээд шүүхээс Трампад дэмжлэг үзүүлэхгүй тохиолдолд тариф хэрэгжиж эхэлснээс хойш олон улсын худалдаанаас цуглуулсан АНУ-ын олон тэрбум ам.долларын импортын татвар хэрхэх вэ гэдэг томоохон асуудал үүсэх болно.

Харин АНУ-ын сангийн төрийн нарийн бичгийн дарга Скотт Бессент өдгөө хэдийнээ идэвхитэй хэрэгжээд эхэлчихсэн тарифыг хүчингүй болгож зогсоох нь АНУ-ыг “дипломат салбарын маш аюултай, ичгүүртэй байдалд хүргэх болно” хэмээн анхааруулжээ.

Хэрэв Трампын тарифыг хууль бус гэж үзвэл компаниуд нөхөн төлбөр авах боломж үүсэх болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *