Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, нийгмийн идэвхтэн Грета Тунберг ням гарагт Европын зарим хууль тогтоогчдын хамтаар тусламжийн бараа ачсан усан онгоцоор ахин Газын зурвасыг зорих аяллаа эхлүүлсэн байна.
Испанийн Барселона хотын боомтоос хөдөлсөн хөлөг онгоц энэ сарын дундуур Газын зурвасын эрэгт хүрч очих зорилго тавьсан бөгөөд зохион байгуулагчдын зүгээс уг аяллаа Палестины төлөөх нэгдмэл сайн санааны үүднээс хийж буй энэ төрлийн хамгийн том аялал болж байгааг онцолжээ.
Түүнчлэн хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан нэг бус нэлээд хэдэн усан онгоц Газын зурвасыг зорих бөгөөд хэдэн усан онгоц, хэзээ замдаа гарахаар төлөвлөснийг тодорхой мэдээлээгүй буюу нууцалсан байна.
Үүний учир нь өнгөрсөн 6, 7-р сард хийсэн өмнөх хоёр ч удаагийн оролдлогыг Израил улс зогсоосонтой холбоотой ажээ.

Зохион байгуулагчдын зүгээс мэдээлснээр энэ долоо хоногийн дундуур Тунис улс болон Газар дундын тэнгисийн боомтуудаас олон арван усан онгоц хөдөлнө гэжээ.
Аялалтай зэрэгцээд мөн дэлхийн 44 улс оронд Палестины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгааг илэрхийлж, Израилыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг нэгэн зэрэг зохион байгуулна гэдгийг Шведийн идэвхтэн тэмцэгч Грета Тунберг мэдэгдсэн байна.
Ням гарагт аяллаа эхлүүлсэн хөлөг онгоцонд Грета Тунбергийн хамт мөн Европын парламентын гишүүд, Испанийн Барселона хотын дарга асан Ада Колау зэрэг хэд хэдэн орны идэвхтнүүд яваа ажээ.
Аялалд нэгдэхээ илэрхийлсэн Португалийн хууль тогтоогч Мариана Мортагуа уг аяллыг олон улсын хууль эрхзүйн хэм хэмжээний дагуу хийгдэж буй, хууль ёсны үйл ажиллагаа гэдгийг тодотгожээ.
Өнгөрөгч 8-р сард НҮБ-ын байгууллагын зүгээс Газын зурвасын бүс нутаг өлсгөлөнд нэрвэгдсэн болохыг албан ёсоор зарласан бөгөөд 2 сая хүн амтай тус бүс нутгийн 4 хүн тутмын нэг нь тэжээлийн дутагдалд орж, үхлийн ирмэгт ирж, гамшгийн нөхцөл байдалтай нүүр тулаад байгааг анхааруулсан юм.
Түүнчлэн НҮБ-ын найдаж болох эх сурвалж хэмээн үзсэн Газын эрүүл мэндийн яамны зүгээс Израил-Хамасын дайн эхэлснээс хойш нийт 63,371 хүн амь үрэгдээд байгаа талаар мэдээлжээ.