Монгол Улсын кибер аюулгүй байдлын индексийн үзүүлэлтээр 193 орноос 103 дугаарт эрэмбэлэгдсэн


“Ази, номхон далайн бүсийн кибер сургуулилалт 2025” олон улсын арга хэмжээ есдүгээр сарын 2-5-нд болно. Кибер аюулгүй байдлын хурал, сургалт, кибер сургуулилалт гэсэн хэсгүүдээс бүрдэх юм байна.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индекс тодорхойлох судалгаагаар Монгол Улсын кибер аюулгүй байдлын индексийн үзүүлэлтээр 3 дугаар түвшин буюу “Бэхжиж буй” түвшинд үнэлэгдэж, НҮБ-ын гишүүн 193 орноос 103 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Энэ нь 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад индексийн оноо 2.1 дахин өсөж, 17 байр урагшилсан сайн үзүүлэлттэй байна. Гэвч Монгол Улсын кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чадавх, олон улсын хамтын ажиллагааны үзүүлэлт хамгийн сул буюу гуч гаруй хувьтай, Азийн дунджаас доогуур үзүүлэлтэй байна.

Бүс нутгийн 16 орны кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа хариуцсан байгууллагуудын 40 гаруй төлөөлөл хүрэлцэн ирнэ Дээрх олон улсын арга хэмжээний хүрээнд   кибер халдлага, зөрчлийн сүүлийн үеийн чиг хандлага, түүний бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах шийдлийн талаар хэлэлцэн санал солилцох, мөн шинэ тутам нэмэгдэж буй кибер халдлага, зөрчлийг илрүүлэх хариу арга хэмжээ авах талаар туршлагаас харилцан суралцах аж.

Монгол Улсын кибер аюулгүй байдлын тухай хууль (2021 он) батлагдсанаар кибер орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдсэн. Улмаар кибер аюулгүй байдлыг хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий Кибер аюулгүй байдлын зөвлөл (2023) байгуулагдаж, Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүлж, дэд даргаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон ТЕГ-ын дарга П.Одонбаатар нар ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *